Өндөрхаан-Норовлин чиглэлийн 130 км хатуу хучилттай авто замын ажил эхэлжээ

A- A A+
Өндөрхаан-Норовлин чиглэлийн 130 км хатуу хучилттай авто замын ажил эхэлжээ

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Хэнтий аймгийн Бэрх, Өмнөдэлгэр, Батноров, Норовлин, Дадал суманд хэрэгжиж буй авто замын төслүүдийн бүтээн байгуулалт, гүйцэтгэлийн ажилтай танилцлаа. Улаанбаатар-Чингис хот чиглэлийн авто замаас Өмнөдэлгэр сум хүртэлх 52.5 км хатуу хучилттай автозамын бүтээн байгуулалт эхэлсэн бөгөөд одоогоор 30 гаруй км газарт хөрс хуулж, ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байгааг Гүйцэтгэгч Тэгш плант ХХК-ийнхан танилцуулжээ.

Чингис- Дадал сум чиглэлийн хатуу хучилттай авто замын үргэлжлэл Чингис-Бэрх хот хүртэлх 50 км авто замыг Наранбулаг-хан ХХК гүйцэтгэж байна. Гэрээгээр 2022 оны 10 дугаар сарын 30-нд дуусгаж хүлээлгэж өгөх хуваарьтай ч ирэх 7 дугаар сард багтаан ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа талаар гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл Зам, тээврийн хөгжлийн сайдад танилцууллаа.

Мөн Өндөрхаан-Норовлин чиглэлийн хатуу хучилттай авто замын үргэлжлэл 130 км зам барилгын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар энэ оноос хоёр багц хэсгээр хэрэгжүүлж эхэлж байна. Багц-1 хэсэг буюу 68.6 км авто замын гүйцэтгэгчээр Наранбулаг-хан ХХК ажиллаж байна. Тус компани энэ оны 4 дүгээр сард ажлаа эхлүүлж 20 гаруй км-т хөрс хуулалт, 15 км-т далангийн ажлыг хийгээд байна. 2022 ондоо багтаан эхний 30 хүртэлх км авто замын нэгдүгээр үеийн асфальт бетон хучилтын ажлыг хийхээр төлөвлөжээ.

Наранбулаг-хан ХХК нь өмнө нь Чингис-Бэрхийн 20 км ажлыг гэрээгээр 2 жилийн хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн боловч жилийн хугацаанд гүйцэтгэж хүлээлгэн өгч байсан туршлагатай компани юм.

Дараа нь Өндөрхаан-Норовлин чиглэлийн хатуу хучилттай авто замын үргэлжлэл, 130 км-ын Багц 2 хэсэг буюу 62 км авто зам барилгын ажлын талбайд ажиллалаа. Тус замын гүйцэтгэгчээр “Мотор сервис” ХХК ажиллаж байна. 5 дугаар сараас нүүлгэн шилжүүлэлт, бэлтгэл ажлаа хангаж, зам барилгын ажлаа эхлүүлжээ.

Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд хэрэгжиж эхэлж буй Норовлин-Баян Уул чиглэлийн 68.3 км авто замын барилгын ажилтай танилцлаа. Гүйцэтгэгч байгууллагаар “Монгол зам” ХХК ажиллаж байна. Тус компанийнхан тавдугаар сарын сүүлчээс бэлтгэл хангаж, үндсэн зам барилгын ажлыг эхэлж, хөрс хуулалт, далангийн ажлыг гүйцэтгэж байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Норовлин сумын Засаг даргын орлогч Б.Одхүүтэй уулзаж замын компаниудын карьерын ажилд сум орон нутгаас тусалж, асуудлыг шуурхай шийдвэрлэн хамтран ажиллахыг хүсэв. Мөн тус сумын нутаг дэвсгэрт авто замын бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэж байгаа Мотор сервис ХХК, Монгол зам ХХК-д орон нутгийн иргэдийг холбож, ажиллах хүч нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай байгааг хэллээ.

Хэнтий аймгийн Дадал сумын төв доторх 3.5 км бетон хучилттай авто замын барилгын ажил эхэлсэн. Тус замын гүйцэтгэгч Идэр ширэгү ХХК-ийн инженер техникийн ажилчид болон машин механизмийн нүүлгэн шилжүүлэлтийн ажил бүрэн дуусаж зам барилгын газар шорооны ажил 35 хувьтай явагдаж байна.

ХЭНТИЙН АЙМАГ УЛСЫН ЧАНАРТАЙ 726.1 КМ АВТО ЗАМЫН СҮЛЖЭЭТЭЙ

Хэнтий аймаг нь Монгол Улсын зүүн бүсийн аялал жуулчлалын гол бүс нутаг. Түүхэн аялал жуулчлал хөгжүүлэх зорилт тавин ажиллаж буй тус аймгийн нутаг дэвсгэрт улсын чанартай таван чиглэлийн 726.1 км авто зам, замын байгууламж байна. Үүний 372.1 км хатуу хучилттай, 189.0 км хайрган хучилттай, 165.0 км байгалийн хөрсөн авто зам ашиглагдаж байна.

Өнөөдрийн байдлаар Хэнтий аймгийн Жаргалтхаан, Хэрлэн, Мөрөн, Цэнхэрмандал сум хатуу хучилттай улсын чанартай авто замаар холбогдсон. Батноров, Баян-Овоо, Норовлин сумд энэ жил эхэлж буй авто замын бүтээн байгуулалтын хүрээнд удахгүй хатуу хучилтгүй авто замаар холбогдоно.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэр дэх улсын чанартай 5 чиглэлийн 726.1 км авто зам, замын байгууламжыг "Харгуй" ТӨХК хариуцан байнгын бэлэн байдлыг хангуулж засвар арчлалтын ажлыг гүйцэтгэж байна. Энэ оны засварын ажил график төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байна хэмээн ЗТХЯ-наас мэдээллээ.