Энэтхэгийн Ченнай хотноо болж буй Шатрын 44 дүгээр олимпиадын есдүгээр өргийн тоглолтууд өчигдөр явагдлаа. Дэлхийн шатрын олимпиадын есдүгээр өргийн тоглолтод манай улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг ялагдал хүлээлээ.
ЭМЭГТЭЙ БАГ:
Их мастер А.Энхтуул тэргүүтэй эмэгтэй шигшээ баг маань олимпиадын 6-д эрэмбэлэгдсэн Азербейджаны багт 1.5:2.5 харьцаагаар харамсалтай хожигдлоо. Өчигдрийн өргийг дэлхийн шатрын холбооны мастер Д.Мөнхзул өнжсөн. Есдүгээр өргийн дараа охидууд маань 13 оноотой 11-р байрт бичигдэж байна.
ЭРЭГТЭЙ БАГ:
Эрэгтэй баг 2021 оны "ДЭЛХИЙН ЦОМ"-ын эзэн дэлхийн элит их мастер Я.К.Дудагаар ахлуулсан Польшийн шигшээ багийн эсрэг 1:3 харьцаагаар ялагдал хүлээлээ. Өчигдрийн есдүгээр өргийг их мастер Д.Батсүрэн өнжсөн. Есөн тойргийн дараа залуучууд маань 10 оноотой 62-р байрт бичигдэж байна.
Манай улсын баг тамирчид аравдугаар тойрогт:
Эмэгтэй баг Болгарын шигшээ багтай тулалдана.
Эрэгтэй баг Зимбабвегийн шигшээ багтай оноолт тааржээ.
Дэлхийн шатрын 44-р олимпиад өндөрлөхөд хоёр тойрог дутуу байна.