ОХУ цэргийн дайчилгаа зарласан өдрөөс хойш долоо хоногийн хугацаанд Алтанбулаг боомтоор Оросын 6,268 иргэн манай улсад орж иржээ

A- A A+
ОХУ цэргийн дайчилгаа зарласан өдрөөс хойш долоо хоногийн хугацаанд Алтанбулаг боомтоор Оросын 6,268 иргэн манай улсад орж иржээ

ОХУ цэргийн дайчилгаа зарласан өдрөөс хойш манай улсад Алтанбулаг боомтоор ОХУ-ын 6,268 иргэн хилээр орж иржээ.

Тодруулбал, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 21-нд цэргийн дайчилгаа зарласны дараа Монгол руу нэвтрэх гэсэн орос иргэд хилийн боомт дээр урт дараалал үүсгэсэн төдийгүй хил нэвтэрсэн ОХУ-ын иргэдийн тоо хоногийн дотор гурав дахин нэмэгдсэн юм.

Дайчилгаа зарласны маргаашаас буюу есдүгээр сарын 22-ны 08:00 цагаас есдүгээр сарын 29-ний 08:00 цаг хүртэлх хугацаанд манай улсад ОХУ-ын 6,268 иргэн орж ирсэн бол 1,107 иргэн буцаж гарсан талаар Хил хамгаалах ерөнхий газрын эх сурвалж мэдээллээ.

Тус байгууллагаас өгсөн мэдээллээр "Есдүгээр сарын 15-21-нийг хүртэл хугацаанд манай улсын хилээр орж, гарсан ОХУ-ын иргэдийн тоонд их зөрүү байгаагүй. Алтанбулаг боомтоор өдөрт ОХУ-ын 160-200 гаруй иргэн орж ирж, мөн адил тооны эсвэл илүү их иргэн буцаж гардаг байсан. Харин есдүгээр сарын 22-ноос эхлэн хөдөлгөөн огцом эрчимжиж, манай улсад орж ирэх ОХУ-ын иргэдийн тоо өссөн" гэлээ.
 

Дээрх албан ёсны тоон мэдээллээс харвал тус улс дайчилгаа зарлахаас өмнөх хоёр өдөр манай улсад орж ирсэн ОХУ-ын иргэдийн тоо буцаж гарсан иргэний тооноос хоёр дахин бага үзүүлэлттэй байжээ.

Өөрөөр хэлбэл, дайчилгаа зарласнаас хойш манай улсаас өдөрт буцаж гарах орос иргэдийн тоо гурав дахин багасаж, орж ирэх иргэдийн тоо төдий хэмжээгээр нэмэгдсэн байна. Өдөр тус бүрээр нь харвал есдүгээр сарын 26-ны өдөр хамгийн олон буюу 1,018 орос иргэн Алтанбулаг боомтоор орж иржээ.

Мөн графикаас харвал, дайчилгаа зарласнаас хойш өдөрт 800-аас буугаагүй орж ирж байсан орос иргэдийн тоо сүүлийн нэг өдөр буюу есдүгээр сарын 28-ны 08:00 цагаас 29-ний 08:00 цагийн хооронд огцом буурч, 640 болсон байна.

Ташрамд дурдахад, Монгол Улс болон ОХУ-ын иргэд 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчдог тул хилийн боомтуудаар орж ирж буй ОХУ-ын иргэд албан ёсны бичиг баримттайгаа, хуулийн дагуу хил нэвтэрч байгаа. Тиймээс тэднийг дайнаас "дүрвэсэн" гэж нэрлэх боломжгүйг ХХЕГ-ын албаны эх сурвалж онцолж байна.

Мөн Лхагва гарагийн орой Их Британид оршин суугаа дайныг эсэргүүцэгч иргэд цэргийн дайчилгаанаас зугтсан Оросын иргэдийг хүлээн авч буй улс орнуудын буюу Казахстан, Гүрж, Армени, Монгол Улсын Элчин сайдын яамдын гадна талархал илэрхийлсэн ил захидал, цэцэг зэргийг үлдээсэн үйл явдал өрнөсөн юм