Украинд үзүүлэх зэр зэвсгийн тусламжаа АНУ нэмэгдүүлж, шууд мөргөлдөөн үүсэж болзошгүйг ОХУ анхааруулав

A- A A+
Украинд үзүүлэх зэр зэвсгийн тусламжаа АНУ нэмэгдүүлж, шууд мөргөлдөөн үүсэж болзошгүйг ОХУ анхааруулав

Мягмар гарагт Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй утсаар ярих үеэрээ АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден тус улсад $625 саяын үнэ бүхий зэр зэвсэг нэмж илгээхээр болсноо мэдэгджээ.

Энэ нь Украины дөрвөн бүс нутгийг ОХУ бүрэлдэхүүндээ нэгтгэсний дараах анхны ийм тусламж болж байна.

Шинэ тусламжийн багцад дөрвөн ширхэг HIMARS пуужингийн систем, 32 ширхэг их буу 75,000 сумны хамт, 200 ширхэг MRAP (Mine-Resistant Ambush Protected) хуягт машин зэрэг багтжээ.

Дээрх зэвсгүүдийг АНУ-ын армийн нөөцөөс шууд нийлүүлэх юм байна.

Өнгөрсөн долоо хоногт Вашингтон $1.1 тэрбумын тусламжийн багцыг Украинд илгээх болсноо зарлаж байв. Энэ багцын хүрээнд Украин дахь HIMARS пуужингийн системийн тоог 16-аас 34 болгон нэмэгдүүлсэн юм.

Гэхдээ энэ тусламжийн багцыг АНУ өөрийн нөөцөөс гаргахгүй, бусад улс орнууд болон үйлдвэрлэгчээс худалдаж авах нөхцөлтэй байв.

Сүүлийн багц тусламжийг нэмснээр АНУ-ын засаг захиргаанаас Украинд үзүүлсэн зэр зэвсгийн тусламжийн нийт хэмжээ $16.8 тэрбумд хүрч байна.

Утсаар ярих үеэрээ Байден “Оросын эзлэн түрэмгийллээс Украин улс өөрийгөө хамгаалахад үзүүлэх тусламжийг зогсолтгүй үргэлжлүүлэх”-ээ амлажээ.

Украины зэвсэгт хүчин хоёр фронт дээр хурдтай, хүчтэй довтолж, олон арван суурин газрыг чөлөөлөөд байгаа тухай Володимир Зеленский энэ үеэр Байденд мэдээлсэн байна.

Харин ОХУ-ын эрх баригчид өчигдөр АНУ-ын Украинд үзүүлж буй зэр зэвсгийн тусламж ноцтой үр дагаварт хүргэж болзошгүйг анхааруулжээ.

“Бид үүнийг манай улсын стратегийн ашиг сонирхолд шууд аюул занал учруулж байгаа үйлдэл гэж үзэж байна. АНУ болон түүний холбоотнуудаас зэр зэвсэг нийлүүлэх нь хохирлыг нэмэгдүүлээд зогсохгүй Орос болон Өрнөдийн хооронд шууд цэргийн мөргөлдөөн гарах эрсдэлийг нэмэгдүүлж байна” гэж ОХУ-аас Вашингтонд суугаа элчин сайд Анатолий Антонов өчигдөр сошиал хуудсандаа бичсэн байна.

 

Эх сурвалж: Aljazeera