Москва-Ситигийн барилгад сайд нарыг Путинтэй хуралдаж байх үед цахилгаан тасарчээ

A- A A+
Москва-Ситигийн барилгад сайд нарыг Путинтэй хуралдаж байх үед цахилгаан тасарчээ

​Оросын нийслэл Москва хотын Москва-Сити тэнгэр баганадсан барилгуудад өчигдөр цахилгаан тасарчээ. Тус барилгуудын нэгд нь сайд нар Ерөнхийлөгч Путинтэй цахимаар хуралдаж байсан аж. Барилгын IQ квартал цогцолборт цахилгаан тасарсан бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд, Худалдааны сайд, Холбоо, харилцааны сайд нар байрладаг байна.

Путин Засгийн газрын гишүүдтэй хуралдаж байсан бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Максим Решетников болон Худалдааны сайд Денис Мантуров нар харанхуйд сууж байгаа нь харагдах аж. 

Сайд нарын байрлаж байсан барилгад цахилгаан ирсний дараа Решетников үг хэлэх боломж олгожээ. Путин сайдад хандан "Наана чинь хийж байгаа засварын ажил та нарын тайлан хийх ажилд саад болохгүй байх гэж найдаж байна" гэж хэлсэн байна. 

Москвагийн Онцгой байдлын газраас мэдээлснээр 18:10 цагт галын дохиолол ажилласан ч аврагч нар гал түймэр гарсан гэх шинж тэмдэг илрээгүй гэж мэдэгджээ. 

"Галын хуурамч дохио ажиллаж, улмаар цахилгаан тасарсан. Барилгаас 100 орчим хүн гаргасан" гэжээ. Москва-Сити нь Москва хотын бизнесийн төвд оршдог өндөр технологиор баригдсан цогцолбор газар юм. 22, 33, 42 давхар гурван өндөр барилга оршдог бөгөөд тэдгээрт Засгийн газрын "Яамдын цамхаг" цогцолбор багтдаг. 

Худалдаа, үйлдвэрлэлийн яам нь 30-36 давхар, Эдийн засаг хөгжлийн яам нь 17-29 давхарт, Холбоо, харилцааны яам 14-15, 10-12 давхарт байрладаг байна. Мөн Оросын стандартын газар, Аялал жуулчлалын газрынхан зэрэг төрийн байгууллагууд байрладаг аж. 

Эх сурвалж: ВВС