ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины БНХАУ-д хийх төрийн айлчлал өчигдрөөс эхэлсэн. Айлчлалын эхний өдөр хоёр улсын тэргүүн олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар хамтарсан мэдэгдэл гаргалаа.
Тодруулбал талууд АНУ, Тайвань, Украин, Хойд Солонгосын асуудлаар санал нэгдэж, цөмийн технологи, санхүүгийн тал дээр хамтран ажиллах мэдэгдэлд гарын үсэг зурсан байна.
Мөн харилцаагаа стратегийн түвшинд гүнзгийрүүлж, бүс нутгийн болон олон улсын аюулгүй байдлыг сайжруулахын тулд батлан хамгаалахын салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх төлөвлөгөөг мэдэгдэлдээ дурдсан.
Энэ талаар БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин “Хятад-Оросын харилцааг талууд нандигнах ёстой. Дэлхийд хэдэн зуун жилийн турш гараагүй өөрчлөлтийг хоёр улсын удирдагчид бий болгож чадна” хэмээн Путинд хэлжээ.
2030 он хүртэл Ерөнхийлөгчийн албыг хаших болсон Путин тангаргаа өргөөд эхний гадаад айлчлалаараа Хятадыг сонгосон нь Ши Жиньпин түүний хувьд чухал хамтрагч нь гэдгийг дэлхий нийтэд мэдэгдэж байна хэмээн Ройтерс агентлаг онцлов.
Талууд 2022 онд Орос-Украины дайн эхлэхээс өмнө "хил хязгааргүй" харилцааг тунхаглаж байсан бөгөөд энэ удаагийн айлчлалаар уг харилцааг бататгасан явдал боллоо хэмээн үзэж байна.
Эх сурвалж: Reuters