Индонезид болсон газар хөдлөлтийн улмаас 162 хүн амиа алджээ

A- A A+
Индонезид болсон газар хөдлөлтийн улмаас 162 хүн амиа алджээ

Индонезийн Ява аралд болсон газар хөдлөлтийн улмаас 162 хүн амиа алдаж, олон зуун хүн гэмтэж бэртсэн байна. Энэ талаар мужийн захирагч Ридуан Камил мэдэгдлээ.

АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр газар хөдлөлт орон нутгийн цагаар 13:21 цагт 5.6 магнитудын хүчтэй болжээ. Газар хөдлөлтийн голомт нь арлын баруун хэсэгт орших Чианжур хотод 10 км-ийн гүнд байсан аж.

Олон хүнийг эмнэлэгт хүргэсэн бол заримд нь газар дээр нь эмнэлгийн тусламж үзүүлэх шаардлага гарчээ. Аврагчид нуранги дороос амьд хүмүүс олох найдвар тээн эрэн хайх ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Газар хөдлөлт болсон газар нь хүн ам шигүү суурьшсан, хөрсний гулгалт ихтэй бөгөөд байшингуудыг эмх замбараагүй барьсны улмаас гамшгийн дараа байшин барилга хогийн цэг мэт овоорчээ.

Баруун Ява мужийн захирагч Ридуан Камил 326 хүн гэмтэж бэртсэн гэж мэдэгдсэн бөгөөд бэртэж гэмтсэн, нас барсан хүмүүсийн тоо нэмэгдэх хандлагатай байна гэв. Мөн тэрээр 13 мянга гаруй хүн гэр орноосоо дайжиж, 2000 гаруй байшин эвдэрч сүйдсэн тухай мэдэгдсэн байна.

Газар хөдлөлтийн чичирхийлэл 100 гаруй км-ын зайтай орших нийслэл Жакарта хотод мөн мэдрэгджээ. Тус хотод хүмүүсийг олон давхар орон сууцнуудаас нүүлгэн шилжүүлсэн байна.

Эх сурвалж: ВВС