Манай улсад энэ он гарсаар бэлгийн замын халдварт өвчний 8,875 тохиолдол бүртгэгдсэн байна.
БЗДХ, ХДХВ/ДОХ-ын өвчлөл эрсдэл бүхий бүлгүүдэд өндөр тархалттай байдаг. Тухайлбал, тэмбүү өвчин манай улсын нийт хүн амын дунд бага тархалттай байгаа бол эрсдэлт бүлгүүдэд их тархалттай байгаа гэдгийг ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан хэлсэн юм.
Монгол Улсад сүүлийн 30 жилийн хугацаанд ХДХВ/ДОХ-ын 344 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 286 иргэн эрүүл мэндийн хяналтад байгаа бол 58 хүн нас барсан байна.
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг "ДЭМБ-аас манай улсын хүн ам зүйг судалж үзээд БЗДХ, ХДХВ/ДОХ-ын халдвар 680 орчим тохиолдол байх магадлалтай талаар тооцоолсон. Цаашдаа бид илрүүлэг, тандалтаа эрчимжүүлэх шаардлагатай гэдгийг энэ тоо харуулж байна.
Энэ жил манай улсад ХДХВ/ДОХ-ын 17 тохиолдол нэмж бүртгэгдсэн. Бэлгийн замаар дамжих халдварт өвчний тархалт эрсдэлт бүлгүүдийн дунд их бүртгэгдэж байгаа юм. Эрсдэлт бүлгийн хүн ам дотроо нийт тохиолдлын 84 орчим хувь нь гей хүмүүст илэрч байна. БЗДХ, ХДХВ/ДОХ-ын халдварын тохиолдол гей, бисексуал, трансжендер хүмүүсийн дунд бүртгэгдэж байна. Тиймээс эрсдэлт бүлгийн хүн ам руугаа төвлөрч ажиллах хэрэгтэй гэсэн үг. Түүнээс нийт залуусын дунд энэ төрлийн өвчлөл тархсан гэсэн үг биш" гэлээ.