С.Шаарийбуу: Энэ хэрэг бол шударга бусын хонгилын сонгодог жишээ

A- A A+
С.Шаарийбуу: Энэ хэрэг бол шударга бусын хонгилын сонгодог жишээ

Малайзын Шадар сайд асан Нажиб Разак болон түүний зөвлөх Абдул Разак Багинда нарын орчуулагчаар ажиллаж байсан Шаарийбуугийн Алтантуяа нь одоогоос 16 жилийн өмнө буюу 2006 онд бусдын гарт амиа алдсан.

Энэ сарын 16-нд болсон цахим шүүх хурлаар түүний гэр бүлд 5 сая ринггит буюу 1.53 сая сингапур долларын /1.13 сая ам.доллар/ нөхөн төлбөр олгохыг тус улсын Дээд шүүхээс шийдвэрлэсэн юм. Шүүх хуралдаанд амиа алдсан Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу болон түүний өмгөөлөгч Б.Баяр нар цахимаар оролцсон.

Үүнтэй холбогдуулан тэд өнөөдөр мэдээлэл хийж байна.

Иргэн С.Шаарийбуу:

-Энэ хэрэг үйлдэл дээрээ баригдаж, хөдөлшгүй баримтаар нотлогдсон. Гэвч 2006-2018 он хүртэл 12 жилийн хугацаанд эрүүгийн хэргийг шийдэх гэж бүтэлгүй талдаа явж ирсэн. Боломж ч ховор байв. Хэргийг үйлдсэн офицерууд баригдаж, хийсэн үйлдлээ зааж өгч, хуулийн байгууллага ажилласан боловч үр дүнд хүрээгүй ирсэн.

Яах гэж энэ үйлдлийг хийсэн бэ гэхээр тэд нэг л зүйлийг хэлдэг байсан. "Багиндад туслах гэж, түүнээс мөнгө авсан" гэх зүйлийг л 12 жилийн турш ярьж ирсэн.

Гэтэл 2018 оноос байдал өөрөөр эргэсэн. Тэд Малайзын төрийн мэдэл бүхий, бүгдийг мэддэг тэр хүний тушаалаар үүрэг биелүүлсэн гэж хэлдэг болсон. Ингэж нөхцөл байдлыг өөрчлөх гэж ярьцгааж эхэлсэн.

Малайзын нэртэй хуульч, өмгөөлөгч Карпал Сингхтэй би хувь тохиолоор учирсан. Тэр хүн надад тусалъя гэсэн, гэхдээ энэ хэрэг 100 жилийн дараа шийдэгдэж магадгүй, чи тэвчээртэй байгаарай хэмээж байсан. Ингээд бид эхэлсэн.

Бидний нэг туршлага дутсан зүйл бол ардчиллын эхний жилүүдэд манай Монгол Улс маш олон оронтой найз болсон. Юу юуны духанд хүрэлгүй визгүй зорчихоор тохирсны нэг нь Малайз байсан. Тэр газар руу бусад эрх зүйн гэрээгүй орон руу манай монголчууд гахайгаа үүрээд, машинд даараад, хураалгаж, зодуулаад, амь насаа алдаад явсан. Эрхзүйн гэрээгүй учраас тэнд хуулийн үйл ажиллагаа явуулах бололцоогүй олон орон байна.

Асуудал ингэж эхэлсэн. Тэр хийсэн ажлынхаа хөлсийг авахаар хуулийн дагуу, өмгөөлөгчтэйгөө тохирсон. Үүний дагуу одоо асуудлаа шийдвэл яасан юм бэ гэсэн.

ЗХУ-д манай гэр бүл олон жил амьдарсан тул миний охин орос хэлийг цэцэрлэгээсээ сурсан, англи хэлийг багаасаа сурсан, хятад хэлтэй. Монголдоо англи, орос хэлний мэргэжлээрээ сурсан.

Хоёр хүүтэй байсан. Бага хүү нь хөгжлийн бэрхшээлтэй, оюун санаа зүгээр, хөл, гарын хөдөлгөөнгүй байлаа. Гадаадад бололцоогоороо эмчлүүлсэн. Өдөр болгон эмнэлэгт очиж бариа хийлгэнэ, эм тан авч өгнө, уламжлалт эмчилгээгээр явдаг байсан.

Ингээд хөдөлж чаддаггүй хүүхэд хана түшээд явдаг болсон.  Түүнийгээ би бусад шиг гүйдэг, харайдаг болгоно гэж охин минь Малайзыг зорьсон юм. Тэр хүнд цагт эдийн засгийн болон бусад талаар би тусалж чадаагүй. Би жирийн л нэг багш хүн. Социализмын үед юм хурааж чадсангүй, улсаас өгсөн хоёр өрөө байртай л байсан.

Охин минь хүүгийнхээ төлөө явж байгаад баригдсан. Баригдахын урд өдөр цагдаад очиж мэдүүлэг өгсөн байдаг. Миний амь нас дээсэн дөрөөн дээр байна. Асуудал гарвал Багинда үүнийг шийднэ. Тиймээс ямар нэг юм болбол түүнд л дамжуулаарай гэж өөрийн гараар бичиж үлдээсэн байдаг.