Өнгөрсөн долоо хоногийн эцсээр нээлтээ хийсэн “Avatar: The Way of Water” кино АНУ, Канадын зах зээлээс $134 саяын орлого олов. Бүх цаг үеийн хамгийн өндөр орлого олсон “Avatar” киноны дараагийн анги “Avatar: The Way of Water” өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийлээ. “Walt Disney”-ийн ээлжит бүтээл нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүлэв.
"Avatar: The Way of Water" АНУ болон Канадын зах зээлээс 134 сая ам.долларын орлого олжээ. Хэдий тийм боловч энэ нь шинжээчдийн таамгаас доогуур үзүүлэлт болж байна. “Box Office”-ийн шинжээчид 145-179 сая ам.долларын орлого олно гэж тооцоолж байсан бол “Walt Disney” компани өөрсдийн төсөөллийг 130 сая ам.доллар болгож бууруулаад байсан юм.
Харин олон улсын зах зээлд "Avatar: The Way of Water" кино 301 сая ам.долларын орлого олсныг тус компани мэдээллээ. Үүнээс 56 сая ам.долларын орлогыг БНХАУ-ын үзэгчид бүрдүүлсэн нь мөн тооцооллоос доогуур үзүүлэлт болсон байна.
“Avatar: The Way of Water” кино нь өмнөх ангийн үйл явдлаас хойш 10 гаруй жилийн дараах түүхийг өгүүлнэ. Шинэ ангид “Avatar”-ийн өмнөх ангид дүр бүтээсэн Сэм Вортингтон, Зое Салдана нар дахин тоглосон бөгөөд "Pandora" гарагийн төрөлх нави үндэстнийг тагнах даалгавартай байсан ч тэднийг аварч овгийн гишүүн болсон гол дүр Жек Салли шинэ амьдралаа эхлүүлж, Жек Салли, Нэйтири нар дөрвөн хүүхдийн эцэг, эх болж, гэр бүлдээ амь амьдралаа зориулж буйг харуулжээ. Мөн Жек Саллигийн гэр бүлд тохиолдож буй гай зовлон, энх тайван байдлаа сахин хамгаалахын төлөөх аян, амьд үлдэхийн төлөөх тэмцэл, тэдний гэр бүлд тулгарах хүнд бэрхийг хэрхэн даван туулж байгааг тус кинонд өгүүлж байна.
Найруулагч Жеймс Камероны алдарт бүтээл "Avatar” киноны шинэ анги "Avatar: The Way of Water"-ийг 2014 онд гаргахаар төлөвлөж байсан ч олон шалтгааны улмаас хойшилсоор 2017 онд л зураг авалт нь эхэлсэн аж. Түүнчлэн гуравдугаар анги нь 2024 оны эцсээр дэлгэцнээ гарахаар яригдаж байгаа юм.