"Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг иргэдэд нэмж эзэмшүүлж, жилд 2 сая төгрөгийн ногдол ашиг авах болмжтой

A- A A+

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, иргэдийн хяналтад оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар,  Б.Баттөмөр нар өнөөдөр (2023.01.04) өргөн өргөн мэдүүлжээ. Тэд дараах мэдээллийг өгөв.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нийт хувьцааны

18.44 хувийг иргэд эзэмшдэг. Иргэд 1072, 700 гэх мэтээр харилцан  адилгүй тооны хувьцаа эзэмшиж байна.

0.06 хувийг ААН-үүд, 

81.5 хувийг төр буюу дийлэнх хувийг эзэмшиж байна. "ЭТТ" ХК-ийг өнгөрсөн онд УУХҮЯ-ны харьяанаас гарган, "Эрдэнэс Монгол" компанид шилжүүлсэн юм.       

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар иргэн бүр жилд 2 сая төгрөгийн ногдол ашиг авах тогтоолын төслийг бид боловсруулан, Засгийн газарт санал хүргүүлэхээр илгээсэн. Таван ам бүлтэй айл 10 сая төгрөг авна. Одоо иргэдийн эзэмшиж буй 14 хувийг 40 хувь болгон өсгөнө. Ингэж иргэдийн хяналтыг дээшлүүлбэл нүүрсний хулгай гэдэг үг Улаан номд орно. "ЭТТ" бол мөнгөний машин, энэ компаниас хулгай хийсэн хүмүүс бусдыг гүтгэсэн. Монгол Улсын бүх иргэн хувьцаа эзэмшинэ. Тооцооллыг эдийн засагчид хийсэн.

2012 онд иргэд 1072 хувьцааг эзэмшиж эхэлсэн. Тухайн онд манай улсын эдийн засгийн өсөлт 17 хувь д хүрч, жинхэнэ баялаг эздэдээ хүрсний том нотолгоо. Одоо иргэдийн амьдрал хэцүү байгаа тул нэг хүн 2522 хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлнэ. 2022.12.31-нийг хүртэл хугацаанд төрсөн хүүхдүүдэд ч хувьцаа эзэмшүүлнэ. Ингэснээр нийт хувьцааны 40 хувь буюу хяналтын багц иргэдийн мэдэл, хяналтад шилжинэ. Иргэдийн амьдралд ихээхэн дэм болно.

Иргэд гудамжинд гарч нүцгэлэх биш, "ЭТТ"-н мэдээллийг хүлээн авч, байр сууриа илэрхийлдэг болно. Одоо энэ уурхай нэг тонн нүүрсээ 100 ам.доллараар худалдаж байна. Тонн тутмаас 70 ам.долларын ашиг олдог. Энэ тогтоолын төсөл Уул уурхайн биржийн хуультай зөрчилдөхгүй. Иргэдийн хяналтад оруулах нь сонгодог засаглалын хэлбэр гэв.  

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "ЭТТ" бол дэлхийд байхгүй том орд. Нүүрсний нөөц нь 7.2 тэрбум тонн. Эргэн тойрных нь ордыг бид арчаагаа алдан, гаднынханд алдсан. Уг нь 10 тэрбум тонны нөөцтэй бүлэг орд. Бид цаашид "Монголросцветмет", Салхитын ордыг ашиглаж буй "Эрдэнэс силвер", "Эрдэнэт","Дарханы төмөрлөгийн үйлдвэр" гэх мэт хулгай нүүрлэсэн, төрийн өмчит компаниудаас иргэд ашиг хүртэх, тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлэх боломжийг нээнэ. Бид маш их баялагтай ч иргэд ядуу байна. Төрийн өмчит компаниудад  дандаа мэргэжлийн бус хүмүүс томилдгоос технологи нь алдагдсан, ашигтай ажиллаж чадахгүй байна. Манай улсын нийт хүн амын 42 хувь нь ядуу байна. Баялгаа зөв удирдах эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавьж байна  гэв. 

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар биднийг нүүрсний хулгайд холбогдуулан нэр зарласнаас хойш хагас сарын хугацаа өнгөрлөө. Бид тэрхүү мэдэгдлийг цочирдон хүлээн авч, олон нийтэд байр сууриа илэрхийлсэн. Үүнээс хойш нүүрсний жинхэнэ хулгайч нарыг олъё хэмээн санал нэгдэж, лобби бүлэг байгуулан, ямар ажил хийх талаар зөвлөлдөөд эхний ажил болох тогтоолын төслөө боловсрууллаа. Төр 19 компанитай. "ЭТТ"-н хувьцааг эзэмшүүлсэн нь эхлэл нь юм. Иргэд 40 хувийн  хувьцааг эзэмшсэнээр төр дураараа аашлах боломжгүй болно. Бид цаашид баялгийн хуваарилалтад анхаарч ажиллана гэв.

Тогтоолын төсөлд иргэдэд "ЭТТ" ХК-ийн хувьцааг нэмж олгох, гэхдээ хувьцаагаа борлуулах, бусдад шилжүүлэх эрхгүй байх талаар тусгажээ. Гэхдээ иргэд саналын эрхтэй болох гэнэ. Мөн ногдол ашиг цаашид өснө гэв. Одоо иргэд саналын эрхгүй буюу компанийн үйл ажиллагаанд саналаа хэлж, үзэл бодлоо тусгах боломжгүй байгаа юм.