Х.Нямбаатар: Улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн үйл ажиллагаандаа хориглох зүйлсийг тодорхой болгоно

A- A A+
Х.Нямбаатар: Улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн үйл ажиллагаандаа хориглох зүйлсийг тодорхой болгоно

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцууллаа. 

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ХЗДХЯ-наас боловсруулсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлыг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд оруулж буй нэмэлт өөрчлөлтийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэх зөвшөөрлийг олгосон байна. 

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Сүүлийн жилүүдэд Хөгжлийн банк, ЖДҮ, нүүрсний хулгай зэрэгт улс төрчид олноор нэр холбогдож, олон нийтийн эгдүүцэл, шүүмжлэлийг төрүүлж байна. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн удирдлагууд болон тухайн компанитай холбоотой ашиг сонирхлын зөрчил бүхий үйлдэлд иргэдийн дургүйцэл, жигшил, зэвүүцэл дээд цэгтээ хүрээд буй. 

Эдгээр нөхцөл байдалтай уялдуулж, "улс төрд нөлөө бүхий этгээд" хэмээх ангиллаар холбогдох хуулийг шинэчлэн тогтоох юм. Улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн үйл ажиллагаандаа хориглох зүйлсийг тодорхой болгож, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлыг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуульд тодорхой тусгаж өгье хэмээх Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн хүрээнд энэ хуулийн төслийг боловсруулсан" гэлээ. 

Мөн "Иргэдийн төрд итгэх итгэлийг сэргээх, улс төрийн үйл ажиллагаа эрхэлж, нийтийн албанд ажиллаж буй хүмүүсийн ёс суртахууны хэм хэмжээний дээд, доод хүрээ хязгаарыг тогтооход уг хуулийн төсөл томоохон ач холбогдолтой.

Энэ хуулийн төслийг боловсруулахдаа дэлхийн бусад орнуудад улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн хүрээ хязгаарыг хэрхэн томьёолж ирснийг судалж үзсэн.

Улс төрд нөлөө бүхий этгээдүүд гаднын улс орнуудад ямар эрхийн хязгаарлалт дотор үйл ажиллагаа явуулдаг вэ гэдэг харьцуулсан судалгаанд үндэслэж, дараах зохицуулалтыг хийхийг зорилоо. Тодруулбал, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Аймаг нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, тэдгээрийн хүүхэд гэсэн категориор улс төрд нөлөө бүхий хүмүүсийн хүрээ хязгаарыг тодорхойлсон.

Зарим албан тушаалтныг яагаад дурдаагүй вэ гэх асуулт үүсэж магадгүй. Эдгээр албан тушаалтанд хориглолт тогтоож байгаа тохиолдолд бусад шатны албан хаагчдын хувьд ёс зүйн дүрмээр давхар зохицуулагдах боломжтой" гэв.