Хятадын тагнуул байж болзошгүй агаарын бөмбөлгийг илрүүлэв

A- A A+
Хятадын тагнуул байж болзошгүй агаарын бөмбөлгийг илрүүлэв

Хятадын тагнуул байж болзошгүй агаарын бөмбөлөг АНУ-ын нутаг дэвсгэр дээгүүр ниссэнийг Пентагон илрүүлжээ. Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Патрик Райдерын хэлснээр тус агаарын бөмбөлөг хэдэн өдрийн турш Хойд Америкийн дээгүүр ниссэн байна.

“Энэ агаарын бөмбөлөг БНХАУ-ынх гэдэгт бид итгэлтэй байна. Ийм тохиолдол сүүлийн хэдэн жил ажиглагдсан. Бөмбөлөг арилжааны нисэх онгоцыг бодвол хамаагүй өндөрт нисч байгаа бөгөөд хүмүүст ямар нэгэн аюул учруулахааргүй түвшинд байна. Нислэгийн замыг нь харахад хэд хэдэн стратегийн чухал газруудаар дамжин өнгөрсөн. Гэхдээ энэ нь тагнуулын мэдээлэл цуглуулахуйц тийм их эрсдэлтэй биш” гэв.

Нам дор тойрог замаар нисч байгаа Хятадын тагнуулын хиймэл дагуулууд илүү сайн тагнуулын мэдээлэл өгөх чадвартай байдаг. Гурван автобусны хэмжээтэй энэ агаарын бөмбөлгийг тэр хэмжээний мэдээлэл цуглуулах боломжгүй гэж АНУ үзэж байна. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын албаныхан Хятадын тагнуулын талаар анхааруулсаар ирсэн. Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Бээжинд айлчлах төлөвтэй байгаа эмзэг мөчид уг үйл явдал давхацлаа.

Гэхдээ агаарын бөмбөлгийг ямар нэгэн аюул учруулахгүй гэж үзсэний үндсэн дээр буудаж унагаахгүй байх зааварчилгааг Штабын дарга нарын нэгдсэн хорооны дарга, генерал Марк Милли өгчээ. Түүнчлэн агаарын бөмбөлгийг унагаасан тохиолдолд газар дээрх хүмүүс болон эд хөрөнгөд хохирол учруулж магадгүй юм. Болзошгүй аюулаас сэрэмжлэх үүднээс “F-22” сөнөөгч онгоцуудыг бэлэн байдалд оруулсан байна.

Эх сурвалж: CNN

ХЯТАД А