Хойд Солонгосын хакерууд крипто зах зээлээс 1.7 тэрбум ам.доллар хулгайлжээ

A- A A+
Хойд Солонгосын хакерууд крипто зах зээлээс 1.7 тэрбум ам.доллар хулгайлжээ

Хойд Солонгосын дэмжлэгтэй хакерууд өнгөрсөн онд 1.7 тэрбум ам.долларын /594 тэрбум төгрөг/ криптовалют хулгайлсан гэж блокчейн шинжилгээний Chainalysis компани мэдэгджээ.

Энэ нь тус улсын 2021 оны криптовалютын хулгайн үетэй харьцуулахад дөрөв дахин өссөн үзүүлэлт юм. Мэргэжилтнүүдийн хэлснээр Хойд Солонгос нь цөмийн зэвсгийн нөөцөө санхүүжүүлэхийн тулд крипто хулгайд ихээхэн анхаарал хандуулж байгаа аж.

Хойд Солонгос нийт зургаан удаа цөмийн туршилт хийжээ. Удирдагч Ким Чен Ун цөмийн зэвсгийн хөтөлбөрөө эрчимжүүлж байгаа тул энэ жил ахин туршилт хийнэ гэж шинжээчид таамаглаж байна. Тус улсын эдийн засаг хүнд байгаа ч өнгөрсөн жил Пёньян баллистик пуужин хөөргөж, дээд амжилт тогтоосон.

Chainalysis компани тайландаа "Хойд Солонгосын хувьд, криптовалютын зах зээлээс хулгай хийх нь улсын төсвийнхөө томоохон хэсгийг бүрдүүлдэг гэхэд хилсдэхгүй" гэв.

Тус улсын хакерууд хулгайлсан криптовалютаа Хятад дахь брокерууд болон NFT-ээр дамжуулан угаадаг болох нь тогтоогджээ.