Путины эрүүл мэндийн тухай нийтлэлүүд олджээ

A- A A+
Путины эрүүл мэндийн тухай нийтлэлүүд олджээ

ОХУ-ын Харилцаа холбоо, мэдээллийн технологи, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хянах алба нь ерөнхийлөгч Путины эрүүл мэндтэй холбоотой цахим мэдээллүүдийг өдөр тутам хянадаг. Тэд өөрсдийн олсон бүх мэдээллээ эксел файлаар тусгайлан хадгалдаг аж. Беларусийн “Киберпартизан” нэртэй хакерын бүлэг тэдний компьютерт нэвтэрснээр мэдээллийг олж чадсан байна.

“ОХУ-ын ерөнхийлөгч Путины эрүүл мэндийн эгзэгтэй байдал” гэсэн гарчигтай хэдэн арван хүснэгт олсон. Эдгээр нь 2022 оны дөрөвдүгээр сараас аравдугаар сарын хооронд үүсгэсэн файлууд байжээ.

Файл нэг бүрийн дотор цахим сүлжээний 50-1400 нийтлэл, сэтгэгдэлийг холбоостой нь хавсаргасан байсан. Зарим мэдээлэл нь Путины эрүүл мэндтэй шууд холбоогүй ч анагаах ухааны сэдвээр хийсэн мэдэгдэл, эмч нарт шагнал гардуулсан тухай зэрэг байсан.

Томоохон хэвлэлүүд болон блогчид Путины эрүүл мэндийн тухай мэдээлсний дараа нийтлэлүүдийн тоо улам олширдог аж. Тухайлбал, 2022 оны дөрөвдүгээр сарын 27-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриштэй уулзах үедээ Путины эрүүл мэнд сайнгүй харагдсан гэсэн 153 мэдээн дундаас есийг нь онцолсон байна. Түүнчлэн 2022 оны тавдугаар сарын 22-нд нийт 594 мэдээ цугларчээ. Эдгээр нь бараг бүгд “Путин хорт хавдартай” гэсэн сэдэвтэй байсан. Улмаар аравдугаар сараас эхлээд ерөнхийлөгчийг шизофрени өвчтэй гэх мэдээлэл олширчээ.

Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA