Зарим хэсгээр нурангид дарагдсан хүмүүсийг хайж эхлээгүй байна

A- A A+
Зарим хэсгээр нурангид дарагдсан хүмүүсийг хайж эхлээгүй байна

Турк улсад ажиллаж, амьдардаг Монгол Улсын иргэн Д.Балжиннямтай онлайнаар холбогдож нөхцөл байдлын талаар лавлалаа. Тэрбээр ярихдаа “Газар хөдлөлт Туркийн зүүн өмнөд бүсийн арван хотод мэдрэгдсэн. Энд 7.4 баллын хүчтэй газар хөдлөлт шөнийн 04.00 цагийн орчимд болсоны дараа 7.7 баллын хүчтэй газар хөдлөлт өдөр 13.20 цагт болсон. Ерөнхийдөө амь үрэгсдийн тоо нэмэгдэж байна. Шархадсан хүмүүсийн тоо ч 40 мянга гарчихсан байна.

Дэлхийн 70 гаруй улсаас Турк руу тусламж илгээхээ шийдсэн. Монголоос ч ирсэн. Хамгийн их хохирол амссан нь Хатай хот.

Тус хотын автозам нь газар хөдлөлтөд өртөөд нурчихсан болохоор эхний өдөр тусламжийн баг очиж чадаагүй. Тиймээс хамгийн олон хүн тэнд үрэгдээд байна. Одоог хүртэл зарим байшингийн нуранги дор байгаа хүмүүсийг хайж эхлээгүй байна. Тэр хот руу ах дүү, гэр бүл рүүгээ явж байгаа хүмүүсийн цуваа их байгаа болохоор зам нь ачаалал их байна. Аврах баг, хоол хүнс, тусламжийн машин хот руу орж гарахад бэрхшээлтэй байна. Турк улс долоон хоногийн гашуудал зарласан. Яг тухайн хотуудад гурван сарын онц байдал зарласан. Арван хотуудын их сургууль амарчихсан байгаа. Турк даяар арван жилийн сурагчид долоо хоног амарчихсан байна. Ирэх Даваа гаригаас нөхцөл байдал хэрхэх нь тодорхойгүй байна.

Монголчууд мөн хандивын өрнүүлж эхэлсэн гэнэ. Энэ талаар Д.Балжинням ярихдаа “Истанбул хотод үйл ажиллагаа явуулдаг монгол төвүүд хандивын аян зохиогоод зарим нь хоол хүнс, эд материал, хоол хүнс зэргийг цуглуулаад дүүргүүдэд нээсэн хандив тусламжийн цэгүүдэд өгч байна. Мөн мөнгөн хандив цуглуулж байгаа хүмүүс байна. Манай “Мутлу Юува” төв монгол болон турк дансаараа мөнгөн хандив цуглуулаад албан ёсоор онцгой байдлынх нь дансанд хийх аяныг эхлүүлсэн. Үүнээс гадна Эзмир хотод амьдардаг Турк барааны лайв хийдэг С.Оюунсүх гээд эгч Монголоос тав сая гаруй төгрөг босгосон юм шиг байна лээ” гэв.