Ангела Меркелийг ЮНЕСКО шагнав

A- A A+
Ангела Меркелийг ЮНЕСКО шагнав

Германы канцлер асан Ангела Меркелийг германчууд болон Европын удирдагчдын эсэргүүцлийг сөрөг 1.2 сая гаруй дүрвэгч, цагаачийг эх орондоо хүлээж авсныг нь сайшаан ЮНЕСКО байгууллагаас шагнажээ. Зохион байгуулагчдын зүгээс 2015-2016 оны хооронд Сири, Ирак, Афганистан, Эритрей улс дахь зөрчил, дайнаас дүрвэсэн хүмүүсийг Германд хүлээн авснаараа Меркель улс төрийн эр зориг гаргасан гэж тодорхойлсон байна.

Шагналыг тодруулах хорооны дарга, Нобелийн шагналт Денис Муквеге хэлэхдээ, "Бусад олон орон айдаст автсан үед Меркель Германы хаалгыг нээсэн. Хямралын үед бид зөвхөн өөрсдийнхөө төдийгүй бусдын эрхийг хамгаалах ёстойг, нийгэм бүр хүний ​​эрхийг ямар ч ялгаварлан гадуурхахгүйгээр хүндэтгэж, хамгаалах хэрэгтэй гэдгийг олон нийтийн санаа бодол, шийдвэр гаргагчдад харууллаа. Бид таны хүмүүнлэг байдал, эв нэгдлийн сэтгэл, ёс суртахууны өндөр мэдрэмж, урам зоригтой манлайллыг тань сайшааж байна" гэж магтсан байна.

Шагналыг хүлээж авахдаа хэлсэн үгэндээ Меркель дүрвэгсдийн өнөөгийн хямралын тухай ярьсан бөгөөд голчлон Украины дайныг жишээ татжээ. Өдгөө 68 настай төвийн үзэлт улстөрч Ангела Меркель нь Герман улсыг 16 жилийн турш тэргүүлсэн бөгөөд 2021 оны арванхоёрдугаар сард суудлаасаа бууснаас хойш олны хараанаас далдхан байсан.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS