Зэсийн баяжмалын экспортын орлого нүүрсний салбарынхаас давах уу?

A- A A+
Зэсийн баяжмалын экспортын орлого нүүрсний салбарынхаас давах уу?

Дэлхийн улс орнуудад экологийн шаардлагын улмаас сүүлийн жилүүдэд бензин, дизелийн түлшээр ажилладаг автомашинаас татгалзах үйл явц эрчимжиж буй. Энэ дагуу цахилгаан автомашины үйлдвэрлэл нэмэгдэх учраас зэсийн эрэлт ирэх жилүүдэд гарцаагүй өсөх төсөөллийг шинжээчид дэвшүүлж буй юм. Тухайлбал, нэг цахилгаан автобус үйлдвэрлэхэд 300 кг зэс ордог бол цахилгаан автомашин үйлдвэрлэхэд дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашинтай харьцуулахад 3 дахин их зэс шаардлагатай ажээ.

Хятад улс цар тахлын хязгаарлалтаа сулруулж, хилээ нээснээр зэсийн үнэ тасралтгүй өссөн. Энэ оны эхний сард гуравдугаар сард нийлүүлэх фьючерс гэрээний үнэ өсч, нэг тонн зэсийн үнэ 9324 ам.долларт хүрсэн. Энэ нь 2022 оны аравдугаар сард 7300 доллар, оны эцэст 8255 ам.доллар байсантай харьцуулахад даруй 12-27 хувиар өссөн үзүүлэлт юм.

Хятад улс зэсийн стратегийн нөөцөө 80-100 мянган тонноор нэмэгдүүлэхээр шийдвэрлэсний дараа зэсийн зах зээл сэргэж, үнэ өсөх хандлага ажиглагдаж эхэлсэн.

Зэсийн үнэ өнгөрсөн 2022 онд буурсан гол шалтгаануудын нэг нь ам.долларын ханш чанга хэвээр байсан явдал. Зах зээлд 200 мянган тонн зэсийн хомсдол үүссэн. Ам.долларын ханш чангарсан нь бусад төрлийн валютыг эзэмшиж буй трейдерүүдийн хувьд ам.доллараар зэс худалдан авах нь илүү үнэтэй тусч байв. АНУ-ын Холбооны нөөцийн сангийн бодлогын хүүгээ бууруулах тухай мессэж зэсийн үнэ өсөхөд бага зэрэг нөлөөлсөн гэж шинжээчид дүгнэсэн.

Лондоны металлын бирж, Шанхайн металлын биржийн агуулахууд дахь зэсийн нөөц 186,4 мянган тонн болж буурсан бөгөөд энэ нь дэлхий даяар хоёрхон хоногт хэрэглэх нөөц аж. Хөрөнгө оруулагчид 2023 оны хувьд зэс нь алт, эрдэнэшиш ба түүхий нефтиэс илүү ашигтай бүтээгдэхүүн байна гэж найдаж буй талаар "Bloomberg" мэдээлсэн. Хөрөнгө оруулалтын "Goldman Sachs" банк 2023 онд нэг тонн зэсийн үнэ 11 мянган ам.доллар, 2024 онд 12 мянган ам.долларт хүрч, шинэ дээд амжилтууд тогтоох ба 2023 оны дундаж үнэ 9750 ам.доллар байна гэсэн тун өөдрөг таамаглалыг дэвшүүлсэн билээ.

Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн үнэ оны эхнээс 10 гаруй хувиар өсч, цаашдаа өсөлт хадгалагдах төлөвтэй байгаа нь Засгийн газраас баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд томоохон дэм үзүүлэх юм.

Сангийн яамнаас 2023 оны хувьд “Оюутолгой”-н гүний уурхай ашиглалтад орсноор зэсийн баяжмалын экспортын хэмжээ нэмэгдэж, 1.4 сая тоннд хүрнэ гэсэн төсөөлөл гаргасан. Мөн зэсийн дундаж үнийг 8400 ам.доллар орчимд байхаар улсын төсөвт тусгасан билээ. “Голдман Сакс”-ын таамагласнаар, оны дундаж үнээр тооцвол энэ онд зэсийн баяжмалын экспортоос (АМНАТ болон бусад татвараар) улсын төсөвт орох орлогын хэмжээ нүүрсний салбарын орлогоос давах төлөвтэй байгаа аж.

“Оюутолгой”-н далд уурхай 2023 оны эхний улиралд багтан ашиглалтад орж, тогтвортой олборлолт явуулахаар төлөвлөж буй энэ үед зэсийн үнэ 9000 давсан нь монголчуудын хувьд сайн мэдээ юм. Өнөөдрийн байдлаар тонн зэсийн үнэ 8826 ам.доллартай тэнцэж, бага зэрэг буурсан үзүүлэлттэй байна.

“Оюутолгой”-н ил ба далд уурхайнууд бүрэн хүчин чадлаараа ажилласнаар баяжмал хэлбэрээр жилд хагас сая орчим тонн зэс олборлон экспортлох боломжтой бөгөөд үүн дээр Эрдэнэтийн зэсийг нэмбэл 600 мянган тонн болох юм. Энэ нь дэлхий даяар жилд олборлож буй зэсийн 2-оос дээш хувийг эзэлснээр Монголын зэс дэлхийн зах зээлд жин дарж эхлэхийг шинжээчид онцолж байна.