Хятадын удирдагчид Covid-19-ийг ялснаа зарлав

A- A A+
Хятадын удирдагчид Covid-19-ийг ялснаа зарлав

Хятадын удирдагчид Covid-19 цар тахлын эсрэг "шийдвэртэй ялалт" байгуулснаа зарлаж, дэлхийн хамгийн бага нас баралтын үзүүлэлттэй орон гэж мэдэгджээ. Тус улсад өдгөө 200 сая гаруй хүн халдварын улмаас эмчилгээ хийлгэж байгаа аж.

Хятадын Коммунист намын эрх бүхий байгууллага болох Улс төрийн байнгын хорооны Пүрэв гаригийн хуралдааны үеэр 2022 оны арваннэгдүгээр сараас хойш авч хэрэгжүүлсэн Covid-19-өөс урьдчилан сэргийлэх, хяналтдаа авах арга хэмжээ нь богино хугацаанд үр дүнтэй хэрэгжсэнийг онцолж, цаашид үүнийгээ үргэлжлүүлнэ гэв. Мөн тус уулзалтаар Хятад улс өндөр настнуудын вакцинжуулалтын  хувь хэмжээг нэмэгдүүлж, эмнэлгийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, үйлдвэрлэлийг эрчимжүүлнэ гэж онцолжээ. 

"800 мянга орчим хүндэрсэн тохиолдолд зохих эмчилгээ хийлгэж, эдгэсэн. Хятадад халдварын нөхцөл байдал сайжирч байгаа ч вирус дэлхий даяар тархаж, мутацид орсоор байгааг удирдагчид анхаарууллаа" гэж төрийн хэвлэл мэдээллээ. 

Хятад улсад өнгөрсөн арванхоёрдугаар сард засгийн газрын цар тахлын эсрэг хатуу хоригийг эсэргүүцсэн жагсаалын дараа  гурван жил шахам үргэлжилсэн хатуу бодлогоо цуцалсан. Ийнхүү Ухань хотод 2019 оны сүүлээр гарсан халдварт өвчнөөс 1.4 тэрбум хүнийг хамгаалж байсан хүчирхэг зохицуулалтыг гэнэт цуцалсан нь эмнэлгийн салбарт томоохон ачааллыг үүсгэсэн юм. Улс орон даяар халдварын нас баралт, эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн талаарх мэдээлэл хомс байгаагаас олон улс оронд хятадуудыг хилээр нэвтрэхийг хориглох арга хэмжээ авсан нь Бээжингийн эрх баригчдын дургүйцлийг төрүүлсэн. Олон улс орон болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Хятад улсыг хэдэн сарын турш нас баралтын талаар дутуу мэдээлсэн гэж таамаглаж байна.

Сар шинийн үеэр иргэдийн шилжилт хөдөлгөөн ихэссэнээр халдварын тархалт огцом нэмэгдэнэ гэсэн болгоомжлол байсан ч Бээжингийн засгийн газар амралтын дараа Covid-19-ийн халдварын тохиолдол "бага түвшинд" байна гэж мэдэгдсэн. 

Орон нутгийн засаг захиргаанаас жил бүр гаргадаг төсвийн тайланд дурдсанаар 2022 онд Хятадын мужууд Covid-19-өөс сэргийлэхэд дор хаяж 352 тэрбум юань (51.6 тэрбум доллар) зарцуулсан гэжээ. 

ЭХ СУРВАЛЖ: REUTERS