Путин, Лукашенко нар Бээжинд айлчилна

A- A A+
Путин, Лукашенко нар Бээжинд айлчилна

ОХУ-ын ерөнхийлөгч Путин, Беларусийн ерөнхийлөгч Лукашенко нар энэ долоо хоногт Бээжинд айлчилна. Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр айлчлал Мягмар гаригаас Пүрэв гаригийн хооронд үргэлжлэх юм. Хятад улс Орост батлан хамгаалахын тусламж үзүүлж болзошгүй гэж АНУ санаа зовниж буй үетэй энэ айлчлал давхцаж байна. АНУ-ын дээд албан тушаалтнууд энэ талаар удаа дараалан анхааруулсан.

А НУ-ын Тагнуулын төв газрын дарга Уилльям Бернс энэ талаар "CBS" сувагт ярилцлага өгчээ. Тэр "Хятад улс Оросыг үхлийн аюултай зэвсэг хэрэгслээр хангахаар төлөвлөж байгаад бид итгэлтэй байна. Гэхдээ одоогоор бид үхлийн аюултай зэвсэг тээвэрлэж буй нотлох баримтыг хараахан олж хараагүй байна. Энэ төрлийн зэвсэг нийлүүлэх нь маш эрсдэлтэй, аз сорьсон явдал юм" гэж хэллээ.

Украин дахь дайн эхэлснээс хойш Беларусь улс Оросын ар тал байсаар ирсэн. Харин Хятадын хувьд төвийг сахисан байр суурь баримталж буйгаар тогтохгүй дайны өмнөхөн ОХУ-тай хязгааргүй түншлэлээ баталсан билээ. Барууныхан Украинд зэвсэг нийлүүлж байгаа нь гал дээр тос нэмсэн үйлдэл гэж Хятад буруутгасан. Бээжин өнгөрсөн Бямба гаригт гал зогсоож, энхийн хэлэлцээ хийх уриалгыг гаргажээ. Зеленский Хятадын уриалгыг сайшаасан хэдий ч үр дүн нь үгнээс бус үйлдлээс хамаарна гэв. Харин олон улсын шинжээчид Хятадыг мөргөлдөөний зуучлагч байх магадлал багатай гэж үзэж байна.

Дашрамд дурдахад, Хятадын дарга Ши Жиньпин ойрын хугацаанд ОХУ-д айлчилж магадгүй байна.

Эх сурвалж: THE DIPLOMAT