Хятад-Унгарын харилцаа ЕХ-д заналхийлж байна

A- A A+
Хятад-Унгарын харилцаа ЕХ-д заналхийлж байна

Сүүлийн 10 жилд Виктор Урбаны удирдлагад Унгарын засгийн газар авторитаруудтай холбоо, харилцаагаа гүнзгийрүүлсэн. Ялангуяа, Орос, Хятад улстай илүү ойртох болсон нь Европын холбооны нэгдмэл байдалд заналхийлэх болжээ. Хятад болон Төв Зүүн Европыг холбосон хамтын ажиллагааны формат болох 16+1 формат, Хятадын "бүс ба зам" санаачилгад (BRI) Унгар нэгдэн орсон нь  хоёр орны харилцаа нягтарч байгаагийн тод жишээ юм.

УНГАРЫГ ЗҮҮН ЗҮГТ НЭЭСЭН НЬ

Унгар улс зүүн зүгт худалдаа, улс төрийн харилцаагаа нэмэгдүүлж байгаагийн шалтгаан нь "Дорнын нээлт" гэгддэг тодорхой бодлогод оршино. Орбан болон түүний Фидес нам 2010 онд сонгуульд ялсны дараа уг бодлогыг анх зарласан. Тус бодлого нь Унгар улсын барууны орнуудаас хараат байдлыг бууруулж, хөрөнгө оруулалт, зээл авах найдвараар улс орноо зүүн зүгт чиглүүлэх зорилготой юм. Хэдийгээр Орбан хүссэн үр дүндээ хүрээгүй боловч Дорнын орнуудтай харилцаагаа нэмэгдүүлэх чармайлтаа үргэлжлүүлсээр байгаагийн дунд Хятад улс багтаж байна. 

Унгар дахь Бээжингийн нэг томоохон төсөл бол Хятадын зээлээр санхүүжүүлсэн Будапешт-Белградын төмөр зам бөгөөд "бүс ба зам" санаачилгын Европ дахь хамгийн чухал төсөл юм. Гэвч Унгар, Сербийн нийслэлийг холбосон төмөр замын төсөл нь ил тод бус, авлигын эрсдэлтэй, өрийн урхинд өртөх магадлалтай гэсэн шүүмжлэлд дагуулдаг. Төмөр зам ашиглалтад орсны дараа зөвхөн ачаа тээвэрлэх төдийгүй Грекийн Пирей боомтоос Төв Европ руу Хятадын барааг авчрахад туслах болно. Тиймээс уг төмөр зам нь Унгар, Европын холбоонд ашигтай гэхээс илүү Хятадад өгөөжтэй юм.

Үүний зэрэгцээ 2020 онд Будапешт дахь нэр хүндтэй Шанхайн Фудан их сургуулийн оюутны хотхоныг барих төлөвлөгөөний дэлгэрэнгүй мэдээлэл ил болсон. Төсөлтэй холбоотой зардал болон оюутны хотхон барихаар төлөвлөж буй байршил зэрэг нь Будапешт хотын оршин суугчдын дургүйцлийг төрүүлэв. Тухайн үед Будапешт хотын дарга Гергели Карацсони хэлэхдээ, Бээжингийн Европт нөлөө үзүүлэх оролдлогоос болгоомжилж байгаагаа онцолсон. Мөн АНУ-ын Элчин сайдын яамнаас Мажар Ханд илгээсэн захидалдаа "Бээжин оюуны эрх чөлөөг сулруулж, цаашдын нөлөөг нь нэмэгдүүлэхийн тулд эрдэм шинжилгээний байгууллагуудыг ашигладаг болохыг өмнөх туршлага харуулж байна" гэж тэмдэглэжээ.

Ерөнхийдөө Унгарт кампус барих шийдвэрийг Будапешт Европын холбооны Хятадад ээлтэй байр суурийг харгалзан Бээжингийн хувьд улс төрийн хувьд аюулгүй орчин гэж тайлбарласан байна. 

Сүүлд, 2022 оны наймдугаар сард  "Contemporary Amperex Technology Co., Limited" компани Унгарын Дебрецен хотод автомашины батерейны шинэ үйлдвэр нээхээр төлөвлөж байгаагаа зарласан. Тагнуулын мэдээлснээр, 7.3 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт нь Унгарт хийсэн Хятадын өмнөх том хөрөнгө оруулалтаас гурав дахин их бөгөөд үйлдвэр нь Европдоо хамгийн том, Унгарын хувьд стратегийн чухал ач холбогдолтой байв.  Энэ нь Европын холбоо 2035 оноос шинэ шаталтат хөдөлгүүрийг хориглох төлөвлөгөөтэй холбогдуулан Унгарын экспортын тавны нэгийг бүрдүүлдэг тус улсын автомашины үйлдвэрлэлийг тогтвортой байлгахад туслах болно. Хятад улсаас Унгарт ийм том хөрөнгө оруулалт хийх болсон нь татварын хөнгөлөлт, хууль журмын "найрсаг" зохицуулалтаас илүү улс төрийн зорилготой шийдвэр гэдгийг онцолжээ. Уг төсөл нь  хоёр орны улс төрийн прагматик харилцааг улам бүр тодруулж, Унгарын “Дорнын нээлт”-ийг үргэлжлүүлж, Хятадын хөрөнгө оруулалтад чиглэсэн чиг хандлагыг илэрхийлж байна.

Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сийярто "Хятад улс 2022 онд зүүн Европын улс дахь хамгийн том хөрөнгө оруулагч байсан бөгөөд Будапешт эдгээр хөрөнгө оруулалтаас ихээхэн ашиг хүртэж байгаа" гэсэн ч хөрөнгө оруулалтын бодит хэмжээ, үүнээс Унгар ямар ашиг хүртэх талаар тодорхой мэдээлэл байхгүй хэвээр байна. Унгарт хийх энэхүү шинэ хөрөнгө оруулалт нь Хятад улсын Европ дахь эдийн засгийн нөлөөг улам өргөжүүлж, Бээжинд дипломат хөшүүрэг болж чадна гэж шүүмжлэгчид эмээж байна.

ХАРИЛЦАН ХҮРТЭЭМЖ, НЭГ ТАЛЫН АШИГ СОНИРХОЛ

Судлаач, шинжээч, доктор Эдит Згут-Пржыбылскаягийн хэлснээр Бээжингийн Унгар дахь гол ашиг сонирхол нь Хятадыг шүүмжилсэн Европын холбооны байр сууринд хориг тавих боломжтойд оршиж байна. Тухайлбал, Хятадын "Global Times" сонины  нийтлэлд дурдсанчлан Унгар улс "бодлого, бизнесийн орчны хувьд урьдчилан таамаглах" боломжийг санал болгож байгаа нь  сүүлд автомашины батерейны үйлдвэр барих хөрөнгө оруулалтын гол шалтгаануудын нэг аж. Түүнчлэн Карнегийн сангийн тайланд "Хятад улс орон нутгийн харилцаа холбоог ашиглан Европын холбооны шийдвэр гаргахад нөлөөлөх эсвэл тодорхой асуудлаар холбооны эв нэгдлийг сааруулах, төдийгүй дэглэмээ тогтоох ч боломжтой" гэж тодорхойлсон байна. Унгар өмнө нь Европын холбоонд хориг тавих эрхээ ашиглахад бэлэн байгаагаа харуулж, Бээжинг олон улсын шүүмжлэлээс хамгаалж, Хятадын талаарх байр суурийн талаарх Европын зөвшилцлийг алдагдуулах алхмуудыг хийсэн. Энэ нь Орбанд Хятадаас нэмэлт оноо авчирч, цаашдын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжийг олгосон юм.

Унгарын төрийн үйл ажиллагаанд ил тод байдал дутмаг, хөрөнгө оруулалтын шалгалтад зөөлөн ханддаг, төрийн тендерт Европын холбооны шаардлагыг тойрч гарах хүсэл эрмэлзэлтэй зэрэг нь гадны улс төрийн нөлөөнд илүү өртөмтгий болгож байна.

Бүс нутгийн зарим судлаач, мэргэжилтнүүд Унгар дахь Хятадын хөрөнгө оруулалтыг аюулгүй байдалд заналхийлж, нөлөөллийн эх үүсвэр гэж үзэж байгаа ч тэдний Будапештэд авчрах ашиг тусыг бас санах хэрэгтэй. Нэгдүгээрт, Бээжингийн хөрөнгө оруулалт Унгар улсад эдийн засгийн хувьд ашигтай гэж өмнө нь Гадаад хэргийн сайдын хэлсэн. Хоёрдугаарт, Бээжин нь Унгарт барууныхнаас хараат бусаар илүү том хөрөнгө оруулалт татах боломжийг олгож байна. Гуравдугаарт, Орбаны холбоотнуудад авлигаа  үргэлжлүүлэх боломж олгосноор түүнд эрх мэдлээ нэмэгдүүлэхэд нь тусална. Эцэст нь Бээжин нь Орбаны хувьд Европын холбоотой тохиролцоонд ашиглах зэвсэг болж өгнө гэж үзжээ. Орбан 2018 онд Европын холбоо дэд бүтцэд нэмэлт санхүүжилт санал болгохгүй бол Хятад руу хандана гэдгээ анхааруулсан.

Фидес нам 2022 оны гуравдугаар сард дахин сонгуульд ялсан тул Унгарын Хятадад хандах хандлага ойрын жилүүдэд өөрчлөгдөхгүй байх магадлалтай бөгөөд энэ нь Европын холбоо болон Хятадад хандах нэгдсэн арга барилд хүндрэл учруулж болзошгүй юм.

Гэхдээ Унгар бол Европын холбоонд Хятадын хөрөнгө оруулалтыг хамгийн их хүлээн авагч орон биш гэдгийг энд тэмдэглэх нь зүйтэй. Унгар улс Хятадтай харилцаагаа илүү чухалчилж авч үзсэнээр Европын холбооны бусад орнуудыг уриалах байдлаар  нэгдмэл байдлыг алдагдуулж байсан. Тухайлбал, 2016 онд Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаарх Европын холбооны мэдэгдлийг  Унгар улс нь Хорват, Грекийн хамтаар таслан зогсоосон юм. Мөн 2018 онд Хятад улс Канад-Унгарын давхар иргэншилтэй, дипломат ажилтан асан Майкл Ковриг баривчилсанд Унгар чимээгүй байсан. Энэ нь Бээжинг аргадах Будапешийн хүчин чармайлтыг харуулж, Европын холбоо-Трансатлантикийн нийтлэг байр сууринаас зөрөөд байгаагийн тод жишээ. Дараа нь 2021 онд Будапешт Европын холбооны Магнитскийн хуулийн дагуу Уйгурын цөөнхийн эсрэг гэмт хэрэгт хамтран оролцсон Хятадын албан тушаалтнуудад хориг арга хэмжээ авахаар тохиролцсон боловч хожим нь Европын холбоог шүүмжилсэн. Эцэст нь, Орбанд Хятад-Унгарын харилцаа нөлөөлсөн хамгийн сүүлийн үеийн тод жишээ нь 2021 онд Будапешт Европын холбооны Хонконгийн аюулгүй байдлын тухай хуулийн талаар Хятадыг шүүмжилсэн мэдэгдлийг хориглосон юм. Түүгээр ч зогсохгүй Унгар Хятадыг шүүмжлэх байр сууринаас ухарсан нь Европын холбооны гадаад бодлогын харилцан уялдааг алдагдуулж байна.

ЭХ СУРВАЛЖ: THE DIPLOMAT