Камбожийн Прей Венг мужид амьдардаг 11 настай охин өнгөрсөн долоо хоногт шувууны ханиад буюу H5N1 халдвараар нас баржээ. Мутацид орсон H5N1 халдварын анхны хохирогч нь тус охин юм. Камбожийн эрдэмтэд охины вирусийн генетикийн дарааллыг тайлсан. Камбожийн зэрлэг шувуудын дунд тархсан H5N1 вирусийн 2.3.2.1c омгийг генетикийн шинжилгээгээр илрүүлсэн байна. Энэ нь дэлхий даяар хурдацтай тархаж, олон шувуу, хөхтөн амьтанд халдварласан 2.3.4.4b төрлөөс ялгаатай боловч санаа амарч болохгүйг эрдэмтэд сануулав.
“Энэ вирус нь шинэ биет рүү орох бүртээ хэмжээ нь ихсэх гэх мэтээр тодорхой хэмжээгээр өөрчлөгддөг. Гэхдээ одоогоор тус вирус хүний биед бүрэн дасан зохицож амжаагүй байгаа тул үндсэндээ шувууны вирус хэвээрээ байгаа. Тиймээс вирусийг үргэлжлүүлэн хянахыг уриалж байна” гэж эрдэмтдийн багийн ахлагч доктор Эрик Карлссон хэллээ.
Охины аав мөн вирусийн халдвар авсан ч ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна. Хүнээс хүнд халдсан эсэхийг нь албаныхан нотолж чадаагүй. Хэдийгээр магадлал бага гэх боловч үүнийг бүрэн үгүйсгэх боломжгүй юм. Камбожийн эрх баригчид аав, охин хоёрыг нэг эх үүсвэрээс буюу шувуунаас халдвар авсан байх магадлалтай гэлээ.
H5N1 вирус хүнд халдварласан тохиолдол дэлхийн хэмжээнд ердөө 870 орчим байна. Эндээс нас баралтын түвшин 50 орчим хувьтай байна.
Нас барсан охин зургаа хоногийн өмнөөс халуурч, ханиалгаж, хоолой нь өвдөж эхэлжээ. Түүнийг нийслэл Пномпен хотын хүүхдийн эмнэлэгт хүргэсэн боловч хоёрдугаар сарын 22-нд нас барсан юм.
2.3.2.1c омгийг томоохон дэгдэлт үүсгэх магадлал багатай гэж үзэж буй. Харин 2.3.4.4b омог нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд дэлхийн шувуудын тоо толгойг асар ихээр хоргодуулсан юм. Нийтдээ 15 сая гаруй амьтан вирусийн халдвараар устаж үгүй болсон бол засгийн газрууд тархалтыг зогсоохын тулд 200 сая гаруй амьтанг устгажээ. Зөвхөн АНУ-д л гэхэд 58 сая амьтан устгасан байна.
Эх сурвалж: DAILY MAIL