Намуудын санхүүжилтээ, "халаас"-ны намуудаа ч шилэн болгоё!

A- A A+
Намуудын санхүүжилтээ,

Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 36 улс төрийн нам бий. Энэ намын бүртгэлийн жагсаалтыг МАН тэргүүлж, хамгийн сүүлд Иргэдийн оролцооны нэгдсэн намыг бүртгэж авчээ. Хүн амын тоонд харьцуулбал, Монгол Улс хамгийн олон улс төрийн намтай боловч эдгээр намууд ямар үйл ажиллагаа явуулж, ямар улс төрийн үзэл баримтлалтай нь тодорхой бус.

Сонгууль дөхөхөөр л улс төрийн намууд идэвхжиж, сөрөг хүчний үүргээ гүйцэтгэдэгийг эс тооцвол Монголд бүртгэлтэй зарим улс төрийн намуудыг иргэд ч мэдэхгүй гэхэд хилсдэхгүй.

Ардчилсан парламентын засаглалтай болсноос хойш МАН, АН парламентад олонх болж, сонгуульд ялсаар сүүлийн хоёр ч сонгуульд МАН олонх болж, АН сөрөг хүчин болсон. Энэ олон нам ямар улс төрийн үзэл баримтлалтай нь ч тодорхойгүй байсаар иргэдийн намд итгэх итгэл суларсан. Дээрээс нь аль нам нь хүчтэй, эрх барьж байгаагаас шалтгаалж улс төрийн жижиг намууд "халаас"-ны нам болох нь элбэг. Нэг л их олон нам, олон намын дарга нар байгаа ч улс төрийн үзэл баримтлалгүй, тэр нь тодорхойгүй, ялж байгаа намын уриа, лоозонг дэмжиж, гар бариад, гар хөл нь болоод явдаг нь ч нууц биш ээ. Улс төрийн намуудын үзэл баримтлал, бодлого нь тодорхой түүнийгээ дагасан бодлого, мөрийн хөтөлбөр дэвшүүлэх, түүндээ зориулж хүнээ нэр дэвшүүлдэг байх ардчилсан парламентын засаглалын тулгуур боловч Монголд байгаа намуудаас хэд нь үзэл баримтлалаа ил тод зарлаж, түүнийхээ төлөө улс төрийн үйл ажиллагаа явуулж, ажиллаж ирсэн бэ гэдэг асуултад хариулт өгөх намын дарга хэд бол…

Улс төрийн намууд үзэл баримтлал, бодлого нь тодорхой бол санхүүжилт нь ч ил тод байх ёстой. Гэхдээ Монголд бас л эсэргээрээ.  Сонгуульд зориулж, санхүүжилтийн тайлан гаргаж, түүнийг нь иргэд хардаг, үздэг, дүгнэдэг нь тун ховор. Эрх баригч МАН сүүлийн үед улс төрийн намын санхүүжилттэй холбоотойгоор “шилэн нам” болох ёстой гэсэн санаачлагыг гаргах болж. Тэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэж сүүлийн хоёр жилийн хугацаанд ярьж, эцэстээ сонгуулийн тогтолцоо, улс төрийн намын тухай хууль болон санхүүжилтийг зохицуулах асуудал дээр санал нэгдэж, улс төрийн намуудад танилцуулж эхэлсэн. Үүний эхлэл нь Шилэн нам эрдэм шинжилгээний хурал байв. Ярьж, хэлсээр багагүй хугацаа өнгөрсөн ч сонгуулийн өмнөх жил парламентад нэг нам дангаараа, олонх байхгүй, илүү олон намын төлөөлөл байх ёстойг гэдгийг гэнэт ухаарчээ.

Парламентын нэр хүнд унасан, УИХ-ын гишүүддээ иргэд нь итгэхгүй байгаа шалтгааны нэг нь улс төрийн намын санхүүжилт байж болох ч УИХ-д сонгогдож буй гишүүд нь өөрсдөө авлига, хээл хахууль, албан тушаалаа ашигласан хэрэгт холбогддог нь парламентын нэр хүндийг илүү их унаж байгааг эрх баригчид гэнэт ухаарсан баймааргүйсэн.

Одоогоор УИХ-ын зургаан гишүүн нүүрсний хэрэгт холбогдон шалгагдаж байгаа бол өөр хэд хэдэн гишүүн Хөгжлийн банкны хэрэгтэй холбогдож, хуулийн байгууллага шалгаж байгаа.  Өнгөрсөн долоо хоногт АТГ-аас нэрс зарлахад  улс төрд нөлөө бүхий хүн болох УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн. Эрүүгийн хуулийн 22.5.1 дүгээр зүйл буюу хахууль өгөх гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Эрүүгийн хуулийн 20.3.3 буюу зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, мөн тус хуулийн 22.10.2 буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжих, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаал, давуу байдлаа ашиглаж бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан, мөн 22.12.2 буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжих, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Б.Энх-Амгалан, Ж.Мөнхбат Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын давуу байдлаа ашигласан зэрэг үндэслэлээр яллагдагчаар татагдсан. Өмнө нь нүүрсний хэрэгт холбогдож, шалгагдаж байгаа гэх УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нарын нэрс яагаад “сугалагдаж” үлдэв гэдгийг бас анхааралтай ажиглаж, анзаармаар. Зарлагдсан нэрс дунд эрх баригч МАН-ын ч гишүүд олон байгаа бөгөөд эхнээсээ гишүүнээсээ түдгэлзэх хүсэлтээ өгөөд буй. Чухам ийм байхад парламентын нэр хүнд унаж, иргэдийн итгэл буурахгүй байх шалтгаан биш. Улс төрийн намын санхүүжилтээс илүү УИХ-ын гишүүн болоод эрх мэдэл албан тушаал, мэдээлэлд ойр байдлаа ашиглан асуудал орох нь илүү олон байгаа нь улс төрийн намын санхүүжилт, сонгуулийн тогтолцоог өөрчлөх үндсэн шалтгаан нь биш болов уу.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлээд буй шиг сонгуулийн санхүүжилт уул уурхайн болон банкны хэдхэн эздээс хамааралтай болж, сонгуулийн дараа өгсөн хандиваа хэд дахин өсгөн системийн авлига бүрдүүлснээс болж, улс төрийн намууд, түүгээр бүрдсэн төр засаг, шүүхийн байгууллага тэдний мэдэлд шилжиж, Төрийн ордон хэдхэн хүний дохиураар нууцаар хөдөлж, ард иргэдэд арслан бар мэт, авлигач эздэдээ сүү долоосон гөлөг мэт царайлдаг, хууль биш хувь хүн засагласан он жилүүд өнгөрсөн нь сонгуулийн тогтолцоо, улс төрийн намын хууль, санхүүжилтийг өөрчлөх шалтгаан лав биш болов уу.  Монголын улс төрийн намууд үзэл баримтлалгүй, үнэт зүйлгүй, сонгууль дөхөхөөр суудлаа наймаалцаж, өрсөлдөгчийг нь намнадаг хэрэгсэл болсон нь үнэн. Гэхдээ нуухаа авах гэж байгаад нүдээ сохлов гэгчээр улс төрийн намын тухай хуулиа, намын санхүүжилтийг жинхэнэ утгаар нь өөрчлөх, маш сайн боловсруулж, улс төрийн намуудтай зөвшилцөж, зөвлөж хийх ёстой.  Сонгуулийн өмнөх жил гэнэт ухаарсан мэт дутуу дулимаг хийчих вий. Хэдхэн жилийн өмнө эрх баригчид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийсэн ч өнөөдөр дахин Үндсэн хуулиа өөрчлөх асуудлыг ярьж байгааг санаж байгаа биз ээ. Тиймээс бүгдээрээ, нийтээрээ улс төрийн намуудынхаа үзэл баримтлалтай нь танилцаж, түүнийхээ дагуу боловсруулсан бодлогыг нь хардаг, хянадаг больё, сонгогчидоо. Үзэл баримтлалтай, үнэт зүйлтэй, бодлоготой, санхүүжилт нь ил тод намыг бий болгоход сонгогчдын оролцоо ч гэсэн чухал үүрэгтэй шүү.