Гүржийн үймээн Путинд олз болох вий!

A- A A+
Гүржийн үймээн Путинд олз болох вий!

Гүржийн нийслэл Тбилиси хотноо энэ долоо хоногийн эхээр гарсан нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаалын үеэр хууль хүчнийхэн болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарч, үймээн дэгдлээ. "Гадаадын агент"-ын хууль гэгчийг Гүржийн эрх барих нам олонхоороо түрий барин өнгөрсөн Мягмар гаригт эхний хэлэлцүүлгийг баталсан нь ийнхүү эсэргүүцэлтэй тулжээ. Уг хуулийг батлах нь Гүржийн Европтой ойр дотно харилцаа тогтоох боломжийг алдагдуулж буй авторитар өөрчлөлтийн дохио гэж эсэргүүцэж байна. Шинэ хуульд зааснаар санхүүжилтийнхээ 20-оос дээш хувийг гадаадаас авч байгаа аливаа байгууллагыг "гадаадын агент"-аар бүртгүүлэх, эс бөгөөс их хэмжээний торгуульд унах гэнэ.

Уг хууль нь Гүржийн иргэний нийгэмд тэр дундаа Европтой холбоотой ашгийн бус байгууллага, хэвлэлийнхэнд сөргөөр нөлөөлнө гэж хүний эрхийн байгууллагууд мэдэгджээ. 

Гүржийн эрх барих Мөрөөдөл намаас уг хуулийн загварыг 1930-аад оны АНУ-ын хуулийн загвараас авсан гэж тайлбарлаж байгаа ч ОХУ-д 2012 гадаадын агентын хуулийг баталсан билээ. Жагсагчид “Бид Оросын хуулийг эсэргүүцэж байна. Энэ бол Оросын хууль. Өөрөөр нэрлэх арга ч байхгүй. Учир нь энэ хууль бол бүхлээрээ Оросын хараа хяналт дор боловсруулагдсан, орос хууль. Гүржийн эрх баригчид эх орноо үгүй хийх гэж байна. Бид эх орныхоо төлөө тэмцэнэ" хэмээн хашгирч байв. Мөргөлдөөний үеэр шатамхай шингэнтэй лонхыг цагдаа, парламентын ордон руу шидсэн бол жагсаалыг тараахын тулд даралттай ус ашиглажээ. Жагсагчид Гүржийн төрийн далбаанаас гадна Европын холбооны тугийг ч барьсан байв. Гүржийн дотоод хэргийн яамнаас мэдээлснээр 66 хүнийг баривчлан хорьсон байна.

Нөгөө талаар энэхүү үйл явдал нь Гүржийн парламент төдийгүй засгийн газарт олонх Мөрөөдөл нам болон Ерөнхийлөгч Саломе Зурабичвили нарын хагарал гүнзгийрсний дохио гэж ажиглагчид үзэж байна. Европын талыг баримтлагч Саломе Зурабичвили 2018 онд намынхаа дэмжлэгтэйгээр ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш намаасаа холджээ. Тэрбээр жагсагчдыг дэмжин "Эрх барих намын шинэ хууль нь Үндсэн хуулийг зөрчсөн" гэж буруутгасан бөгөөд хуульд хориг тавьсан ч эрх барих нам олонхоороо хүч түрэн шийдэж болно гэдгийг тайлбарлав. Түүнчлэн тэрбээр уг хуулийн ард Путин байгаа гэдгийг ч мэдэгдсэн байна. Дотоод болон гадаадаас хүчтэй эсэргүүцэлтэй тулсан уг хуулийн төслийг парламентын дараагийн хэлэлцүүлгээр батлах ёстой бөгөөд Гүржийн хууль тогтоогчид нэгэн дуугаар дэмжиж байгаа нь асуудал дагуулжээ. 

Европын холбооноос Мягмар гаригт гаргасан мэдэгдэлд , уг хууль нь "ЕХ-ны үнэт зүйлс, стандартад нийцэхгүй" бөгөөд "Бидний харилцаанд ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй" гэж анхааруулжээ.

Өмнө нь өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс  "Энэ хуулийн төсөлд саналаа өгсөн хэн бүхэн Гүржийн Европ болон баруунтай харилцах харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй" гэж мэдэгдэж байв. Хуучин Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүний Гүрж улс нь иргэдийнхээ Европын талыг баримтлах үзэл болон бүс нутгийн хүчирхэг гүрэн, хөрш ОХУ-тай харилцаагаа тэнцвэржүүлэхийг эрмэлзсээр ирсэн.

Дмитрий Медведев ОХУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Москва 2008 онд Гүржид довтлоогүй бол НАТО тус улсад хүрээгээ тэлэх байсан гэж мэдэгдэж байв. "Тухайн үед Оросын дайралт хэдхэн хоног үргэлжилсэн ч энэ нь Путины Украинд дайн эхлүүлсэнтэй ижил шалтаг байсан" гэдгийг Европын гадаад харилцааны зөвлөлөөс дүгнэжээ.

“Сүүлийн хэдэн жил, ялангуяа сүүлийн 18 сарын хугацаанд Гүржийн эрх баригч эвсэл тус улсыг барууны орнуудаас холдуулж, аажмаар Оросын нөлөөний бүс рүү шилжүүлэх зорилготой хэд хэдэн алхам хийсэн" гэдгийг тус зөвлөл анхааруулав. 

Хэдийгээр Путин Украины дайнд гол анхаарлаа хандуулсан байгаа ч Гүржид үймээн үүсгэх чадалтай байна гэж мэргэжилтнүүд Тбилисид үүссэн нөхцөл байдлыг дүгнэж байна. Асуудлын гол нь Гүрж улс Оросын дайралтыг цэрэг, армийн түвшинд төдийгүй улс төрийн хүрээнд эсэргүүцэх чадалтай эсэх нь эргэлзээ дагуулжээ. Ажиглагчдын үзэж буйгаар Гүржийн арми Оросын дайралтыг эсэргүүцэх ч засгийн газар нь өөр байр суурьтай байх магадлал өндөр байгаа аж. Одоогоор ОХУ-аас Гүрж улсыг түрэмгийлэх ямар нэгэн шинж тэмдэггүй байгаа ч үймээний нөхцөл байдлыг ашиглах бүрэн боломжтой гэж ажиглагчид эмээж байна.