Б.Солонгоо: Хамтдаа шүгэлдэж байж авлигыг бууруулна

A- A A+
Б.Солонгоо: Хамтдаа шүгэлдэж байж авлигыг бууруулна

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоотой Шүгэл ажиллагааны талаар ярилцлаа.

-Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулахыг танай ажлын хэсэг дэмжиж ажиллана гэлээ. Ер нь Шүгэл үлээгчийг хуулиар мэдээлэгчийг хамгаалж чадах уу. Одоо оруулж ирэх гэж буй хуулийн төсөлд хэрхэн тусгагдсан бэ?

-Монгол Улс 2005 онд НҮБ-ын Авлигатай тэмцэх конвенцод нэгдэж орсон. Энэ конвенцын дагуу Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг цогц байдлаар хамгаалах, авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар мэдээлэл өгсөн этгээдийг хамгаалах хууль зүйн орчныг бүрдүүлэх юм. Үүнтэй холбогдуулаад АТГ-аас санаачлан Хууль зүй дотоод хэргийн яам Шүгэл үлээгчийн хуулийн төслийг боловсруулсан. Уг хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн. Удахгүй эхлэх хаврын чуулганаар энэ хуулийг хэлэлцэн батлах болов уу гэсэн хүлээлттэй байна. Гэхдээ хуулийн төслийг эцсийн байдлаар хэлэлцэж батлах бүрэн эрх УИХ-ын гишүүдэд байгаа.

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын хуулийн төсөл хэд хэдэн онцлог зохицуулалт бий. Нэгдүгээрт, шүгэл үлээгчийг хамгаалах асуудал юм. Нэрээ нууцлах, эсвэл нэрээ ил болгож мэдээлэл өгөх үү гэдэг эхний ээлжид тавигдана. Тиймээс нэрээ нууцлах боломжийг олгож байгаа. Хоёрдугаарт, шүгэл үлээсний төлөө ажлын байран дээр дарамтад өртөхгүй байх, хөдөлмөр эрхлэх нөхцөл дордохгүй байх гэх мэтчилэн хуулийн төсөлд тусгагдсан. Шүгэл үлээснээр мөнгөн урамшуулал авдаг байх зохицуулалт орсон.  Тухайн иргэний өгсөн мэдээлэлд үндэслээд тодорхой авлига албан тушаалын мэдээллийг илрүүлээд шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн тохиолдолд шүгэл үлээсэн иргэнийг мөнгөн урамшуулал олгох заалт бий.

Хуулийн төсөлд зааснаар 100 мянган төгрөгөөс 1.5 тэрбум төгрөг хүртэлх урамшуулал олгохоор тусгасан.

Гэхдээ энэ зохицуулалт УИХ-аар хэлэлцүүлэгдэх явцад өөрчлөгдөх боломжтой. УИХ-ын гишүүд зарим зохицуулалтыг ямар байдлаар эцэслэн батлах нь хэлэлцүүлгийн явцад шийдэгдэх байх.

-Шүгэл үлээгчийн хуулийг “матаасны” эсвэл өрсөлдөгчөө намнах хэрэгсэл болчих вий гэсэн хардлага байна. Товчхондоо, хэлмэгдүүлэлт явчих вий гэж иргэд болгоомжилж байгаа. Энэ тал дээр та юуг хэлэх вэ?

-Дэлхийн улс орнуудад шүгэл үлээгчийг хамгаалдаг эрх зүйн зохицуулалт байдаг. Ардын үгэнд “Амьд хүний гэрч болсноос үхсэн хүний дэр болсон дээр" гэдэг. Ер нь аль болох бусдын хэрэгт оролцохгүй, мөрөөрөө ажлаа хийгээд явах нь зөв гэх мэт нийгэмд тогтсон зарим нэг хандлагууд бий. Буруутай үйл ажиллагаа бидний нүдэн дээр ил байх юм байвал аль болох нээлттэй болгон мэдээлж байж шударга бус зүйлс арилна.

Бүгдээрээ дор бүрнээ хувиа хичээгээд байх юм бол бидний бухимдлыг төрүүлээд буй ирээдүйн боломжийг хулгайлдаг авлига албан тушаалын гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэхэд бэрхшээлтэй.

Иргэдээс энэ талаарх мэдээллийг АТГ-ын 110 дугаараар мэдээлэл авдаг. Энэ ажлыг эрчимжүүлэх зорилгоор Шүгэл ажиллагаа ажиллана. Нийтийн эрх ашгийн төлөө, нийтийн мэдэж чадаагүй мэдээллийг ил болгохын төлөө шүгэл үлээх нь чухал ач холбогдолтой байдаг. Шүгэл ажиллагааны гол зорилго нь  авлига албан тушаалын гэмт хэрэг, төрийн үйлчилгээний хүнд сурталтай холбоотой мэдээллийг иргэдээс авч үүнд анхаарлаа хандуулж үр дүнтэй ажиллахаар төлөвлөж байгаа.

-"Шүгэлдсэн" мэдээллийг хэрхэн хурдан шуурхай шийдвэрлэх вэ. Мэдээлэл ирлээ гэхэд хуулийн байгууллагын шалгах процесс маш удаан байгааг иргэд шүүмжилдэг. Шүгэл ажиллагааны хүрээнд яаралтай хурдан шийдээд явах уу? 

-Манай ажлын хэсэг өргөн бүрэлдэхүүнтэй, олон төрийн байгууллагын төлөөлөл орсон. Би хувьдаа Хууль зүй дотоод хэргийн яаманд ирүүлсэн гомдол мэдээлэлтэй танилцаж ажиллахаар төлөвлөж байна. Бидний мэдээлэл авах гол эх сурвалж бол 11-11 төв, АТГ-ын 110 тусгай дугаар, Е-Монголиа, шуудан гэх мэт  сурвалжаас мэдээлэл авахаар төлөвлөж байгаа. Авсан мэдээллээ маш сайн уншиж танилцана. Мэдээлэл бүр эрсдэлтэй нөхцөл байдлын талаар байхгүй байх болов уу. Иргэд төрийн үйлчилгээг хэрхэн сайжруулах уу, хүнд сурталгүй болгох уу, яаж илүү авлига өгөх шаардлагагүйгээр ажлаа бүтээх үү, өөрсөддөө тулгарсан бэрхшээлийн талаар мэдээлэл өгөх байх гэж найдаж байгаа. Зөвхөн авлигатай холбоотой асуудал гэлтгүй төрийн үйлчилгээний хүнд суртал, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл өгөх юм бол бид мэдээлэлд дүн шинжилгээ хийгээд тухай бүрт хариу өгнө.

Иргэдийн дунд эргэлзээ байдаг. Би гомдол гаргасан ч хэн шийдэж байгаа нь тодорхойгүй байна гэхчлэн шүүмжлэл байдаг. Бидний хувьд аль болох эргэх холбоотой ирсэн мэдээллийн талаар тухай бүрт иргэд, хэвлэлийнхэнд мэдээлэл өгч ажиллана.

Шүгэл ажиллагаа олон ажлуудыг хийнэ. Дан ганц иргэдээс мэдээлэл авах гэлтгүй албан хаагчидтай цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж төрийн үйлчилгээг үзүүлж буй төрийн албан хаагчид ямар бэрхшээл байна, түүнийг шийдүүлэхэд ямар асуудал байна зэргээр төрийн албан хаагчидтай уулзалт хурлууд хийхээр төлөвлөж байна. Хамгийн гол нь авлигатай тэмцэх чиглэлээр Засгийн газраас хийж байгаа ажил “иргэдтэйгээ хамт шүү, иргэдийн боломжийг хулгайлдаг цөөнхтэй бид хамтдаа тэмцэнэ” гэх уриатай. Тиймээс иргэдээ шүгэл ажиллагаа нэгдэхийг хүсч байна.

-Ажлын хэсгийн гишүүд ямар оролцоотой ажиллах вэ. Гишүүдэд хандаж мэдээлэл өгч болох уу? 

-Бидний нэг том зорилго нь иргэдтэй хамтраад авлигатай тэмцэх хөдөлгөөнийг өрнүүлэх, авлигыг үл тэвчих соёлыг бий болгох юм. Иргэд ажлын хэсгийн бүрэлдээхүүний гишүүнд хандаж мэдээлэл өгөх бүрэн боломжтой. Тухайлбал, миний нэр дээр мэдээлэл ирүүлэх, эсвэл манай яаманд ирээд надтай уулзах хүсэлт гаргавал иргэдтэйгээ нээлттэй уулзалт хийнэ. Мөн 11-11 төв дээр долоо хоног бүрийн баасан гаригийн 9-12 цагт ажлын хэсгийн төлөөлөл ажиллахаар төлөвлөж байна. Нэрээ нууцлах хүсэлтэй иргэдээс шуудангийн хайрцгаар дамжуулан мэдээлэл авахаар ажиллаж байна.

-Шүгэл ажиллагааны үр дүнг та юу гэж харж байна вэ? 

-Төрийн анхан болон дунд шатанд авлигын эрсдэлийг бууруулах нь чухал гэж харж байна. Хоёрдугаарт, Засгийн газраас хэрэгжүүлж буй “5 Ш” ажиллагаанд иргэдийн дэмжлэгийг авах, иргэдтэй хамтарч ажиллах зорилтыг дэвшүүлж байна. Нийгэмд нийтийн сайн сайханы төлөө шүгэл үлээдэг олон иргэн байдаг. Тэгэхээр бид хамтдаа илүү олуулаа болж тэмцсэнээр авлигатай тэмцэх үйл ажилагаа эрчимжих болов уу. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд тогтсон байгаа буруу жишиг ашиг сонирхлын зөрчилтэй илүү үр дүнтэй тэмцэхэд иргэдийн шахалт шаардлага түлхэц болно. Шүгэл ажиллагааны томоохон үр дүн иргэд дэмжлэг үзүүлж ажиллах, үндэсний хэмжээний хөдөлгөөн болгож өрнүүлэхэд үндэс суурь болох болов уу. Иргэдийг нэгдэхийг уриалж байна. Хамтдаа тэмцсэнээр илүү гэрэлтэй, тэгш сайхан нийгмийг ирээдүй хойчдоо өвлүүлэх боломжтой. Би хувь хүнийхээ хувьд санаа зовдог зүйл байдаг. Бид өнөөгийн нийгэм түгжрэл ихтэй, засч сайжруулах зүйл олон байгааг иргэд ярьдаг. Бид энэ асуудлыг өнөөдөр шийдэж, аль болох залуу байгаа дээрээ асуудлыг шийдэж нийгмээ сайн сайхан болгохын төлөө ажиллах хэрэгтэй. Хэрвээ бид авлигатай тэмцэхгүй бол ирээдүй хойч үе биднийг залхуу, ажлаа хийхгүй бол юу хийж байсан бэ гээд шүүмжлэхээс айж байна.