МАН-ын эмэгтэйчүүд гэр бүлийн хуулийг чангатгана гэв

A- A A+
МАН-ын эмэгтэйчүүд гэр бүлийн хуулийг чангатгана гэв

Олон нийтийн сүлжээнд гэр бүлийн хүчирхийллийн сэтгэл эмзэглүүлэм хэрэг дуулдаж буй. Уг хэргийг зөвхөн сенсацлаад өнгөрөх бус иргэд УИХ-ын гишүүдээс Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж эцэг, эхийн үүрэг хариуцлагыг чангатгах хууль эрх зүйн орчин хэрэгтэйг шахаж шаардаж байна. Ялангуяа гэр бүл салалтын эцсийн дүнд нь хүүхэд хохирч үлдээхгүйн тулд хууль эрх зүйн орчныг анхаарч ажиллахыг хүсч байгаа. Энэ чиглэлээр МАН-ын эмэгтэйчүүд анхаарч эхэлжээ. Олон жил яригдсан Гэр бүлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг Хууль зүй дотоод хэргийн яам боловсруулж байна.

Гэвч энэ хаврын чуулганаар хэлэлцэх эсэх нь эргэлзээтэй бөгөөд хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй болохыг НББХ-ны дарга П.Анужин онцоллоо.

Энэ талаар гишүүдээс байр суурийг тодруулбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Хаалттай хаалганы цаана хүчирхийллийн асуудал үнэхээр дэндэж байна. Гурван настай хүүхэд өнөөдрийг хүртэл ухаан ороогүй байна. Уг нь бид өмнөх дөрвөн жилд хүүхэд хамгааллын мөнгө 11 тэрбум төгрөг шаардлагатай байна гэхэд нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг бид 6,8,11 тэрбум гэхчлэн нэмж өгсөн. Хүүхдийн байцаагчийн орон тоог нэмэхгүй бол болохгүй нь гээд тухайн үеийн сайд Ц.Нямдоржтой ярилцаад төсөвт нь хүртэл 130 орон тоог, санхүүжилтийг суулгаад өнөөдрийг хүртэл үр дүнгээ өгч байна. Гэвч хаалттай хаалганы цаана хүчирхийлэл буурахгүй байна. Тиймээс гэр бүлийн хуулийг санаачилсан гишүүд Хууль зүй дотоод хэргийн сайдтайгаа ярилцаж, уг хуулийг оруулж ирэх тал дээр НББХ шахаж идэвхтэй, ажиллах шаардлагатай байна.

Эцэг эхчүүдийг хариуцлагажуулах, хүчирхийлэгчид хариуцлага тооцдог байх хуулийг энэ хаврын чуулганаар ороход НББХ манлайлах шаардлагатай” гэв.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Одоо үйлчилж буй хуулиар гэр бүлийн нөхцөлд хохирогчийг хамгаалах асуудал сул байдаг. Тухайлбал, хүчирхийлэлд өртсөн ахмад настан, эсвэл хүүхэд гэх мэтчилэн хохирогчийг хамгаалах, урт хугацааны сэтгэл зүйн эмчилгээ үзүүлэх, гэр бүлийн орчинд хэн нэгэн хүчирхийлэлд өртөхгүй байхыг хуулиар зохицуулах ёстой. Урьдчилан сэргийлэх механизм сайн байх ёстой. Хоёрдугаарт, гэр бүл салалтын тухайд одоо байгаа хариуцлагын механизм маш сул байна. Энэ дээр эмэгтэй гишүүд бүгд санал нэгддэг. Гэр бүл нийгмийн харилцааны томоохон гишүүд учраас гэр бүлийн тухай хуульд дах хүүхэд хамгаалал, хариуцлагын асуудлыг чангатгах, аль болохоор гэр бүлийн үнэ цэнийг хамгаалсан заалтуудыг тусгах хэрэгтэй” гэлээ. Эргэн сануулахад Гэр бүлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд УИХ-ын гишүүн Ч.Ундрам ажиллаж байсан бөгөөд эцэг эхийн хариуцлагыг нэмэх үүднээс хүүхдийн тэтгэмжийг нэмэгдүүлэх, тэтгэмжийг тухайн иргэний данснаас шууд татдаг байх зохицуулалтыг оруулах талаар ярьж байлаа.