Б.Болд: Татварын асуудлыг маргаан гэхээс илүү бие биеэ сонсож гарц шийдлээ хайя гэсэн байр суурьтай байна

A- A A+
Б.Болд: Татварын асуудлыг маргаан гэхээс илүү бие биеэ сонсож гарц шийдлээ хайя гэсэн байр суурьтай байна

Оюу Толгойн Гүний уурхайн олборлолтын нээлтийн ёслол өнгөрсөн даваа гарагт болсон. Нээлтийн үеэр “Рио Тинто“ группийн Зэсийн группийн захирал Б.Болдоос дэлхийн зах зээл дэх зэсийн эрэлт болон Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэлснээр эдийн засагт ямар үр нөлөөтэй талаар тодруулсан юм.

Б.Болд, Америкийн "Standard and poor's" гэж компани зэсийн нийт эрэлтийн тооцоог гаргалаа. Зэсийн жилийн нийт эрэлт 2025 он гэхэд 25 сая тонноос 50 сая тоннд хүрч хоёр дахин өсөхөөр тооцоолсон. Үүний нэг том хөдөлгүүр нь цахилгаан машин. Цахилгаан машинд дунджаар 86 кг зэс орж байна. Жирийн дизель хөдөлгүүрт машинд 26 кг зэс байдаг.

Тэгэхээр зэсийн хэрэглээ 3-4 дахин нэмэгдэнэ гэсэн үг. Мөн цахилгаан машинаа цэнэглэх утас нь зэс, тэр лүүгээ татсан холбоос нь мөн зэс. Уур амьсгалын өөрчлөлт, дулааралтай холбоотойгоор эрчим хүчний эх үүсвэрүүдийг яаралтай өөрчлөх шаардлага үүссэн.

Тэгэхээр сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжүүдэд зэсийг их хэмжээгээр хэрэглэдэг. Энэ бол Монгол Улсын зэсийн экспортын орлого нэмэгдэх сайн мэдээ.

Оюу Толгойн хувьд зэсийн үйлдвэрлэлийг үе шаттайгаар нэмэгдүүлнэ. Өнөөдрийн байдлаар Оюу Толгой хөрөнгө оруулалтынхаа тодорхой хувийг зэсийн борлуулалтын орлогоос олж байгаа. Ил уурхайгаас жилдээ 150 мянган тонн зэс олборлодог. Энэ нь жилд 1.4 сая долларын борлуулалтын орлого болж Монголбанкинд тушаагддаг. Түүгээрээ ажилчдынхаа цалин, түлш, эрчим хүч гэх мэт хөрөнгө оруулалтын зардлын тодорхой хувийг нөхөж байна. 

-Төслийн гүйцэтгэл хэдэн хувьтай байна вэ?

-Төслийн гүйцэтгэл одоогоор 83 хувьтай байна. Жил хагасын дотор 100 хувьд хүрэхэд бид үйл ажиллагаагаа өөрийн эх үүсвэрээр явуулах болов уу гэсэн төсөөлөл байна. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ өндөр байвал бидэнд их ашигтай. Аль болох нэмж өр зээл тавихгүйгээр санхүүжилт хийх боломжуудыг хайна. 

-“Оюу Толгой” компанийн нэхэмжлэлээр Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татаж эхэлсэн Лондоны Олон улсын арбитрын шүүх дэх  татварын маргааныг 2023 оны наймдугаар сар хүртэл түдгэлзүүлээд байна. Энэ маргаан хэрхэн шийдэгдэх бол?
-УИХ-ын 92, 103 дугаар тогтоолын дагуу нийт таван асуудал шийдвэрлэхээс дөрөв нь шийдэгдсэн. Одоо татварын маргаан дээр тодорхой хэмжээний яриа хэлцлүүд хийж байна. Эцэслэж шийдвэрлэсэн зүйл байхгүй. Гэхдээ үүнийг маргаан гэхээс илүү аль аль нь тэвчээртэй, бие биеэ сонсож гарц шийдлээ хамтдаа хайя гэсэн байр суурьтай байгаа гэв.