Ж.Мөнхбатыг чөлөөлөхийг байнгын хорооны гишүүд дэмжив

A- A A+
Ж.Мөнхбатыг чөлөөлөхийг байнгын хорооны гишүүд дэмжив

– Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Өнөөдрийн хуралдаанаар Олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлийн гишүүнээр нэр дэвшигчтэй хийх сонсголын тов зарлана. УИХ-ын гишүүнээс Ж.Мөнхбатыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Эхний асуудлын хүрээнд Засгийн газраас Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 21.7-д заасныг үндэслэн Нямдаваагийн Монсор, Жаргалсайханы Золзаяа нарыг Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлд нэр дэвшүүлэн байна. Тиймээс Нэр дэвшигчтэй хийх сонсголыг 2023 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулахаар тогтлоо. Тус сонсголыг даргалагчаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг томилов. Нэр дэвшигчдээс асуух асуултыг 2023 оны дөрөвдүгээр сарын 10 өдөр хүртэл хүлээн авах тогтоолын төсөл танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцогчдын 75 хувийн саналаар уг тогтоолын төсөл дэмжигдлээ. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж 2023 оны нэгдүгээр сарын 30-нд өргөдөл хүсэлт гаргасан юм. Түүний өргөдлийг хуралдаан даргалагч Н.Энхболд уншиж танилцууллаа. Монгол Улсын Их хурлын гишүүн Ж.Мөнхбат миний бие Улсын Их хурлын тухай хуулийн 10.1.2 дахь заалтыг үндэслэн дараах хүндэтгэх шалтгааны улмаас УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байна. Үүнд:

1. Настай ээжийн минь эрүүл мэндийн шалтгааны улмаас гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон. Энэ нь хувь хүний эрүүл мэнд, зовлон жаргалтай холбоотой асуудал учраас олон нийтэд дэлгэрэнгүй тайлбарлах боломжгүй бөгөөд ээжээс төрсөн хүн бүр ойлгоно хэмээн итгэж байна.

2. Сүүлийн жилүүдэд намайг концесс, нүүрс, казинотой холбож үнэтэй цаг, машинтай гэх мэтчилэн олон асуудалд хилсээр нэр холбож хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр зохион байгуулалттай гүтгэн харлуулах ажлыг санаатайгаар явууллаа. Миний бие ямар ч хууль бус үйлдэл хийгээгүй гэдгээ удаа дараа хэвлэлээр тайлбарлаж байсан боловч буруутан гэмтэн мэт сэтгэгдэл нийгмийн зарим хэсэгт үлджээ. Тиймээс эдгээр асуудалтай холбоотойгоор хууль хяналтын байгууллагаас намайг шалгах шаардлагатай бол би УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдлын ард нуугдалгүйгээр энгийн иргэн болоод шалгуулахад бэлэн гэдгээ энэхүү үйлдлээрээ илэрхийлж байгаа болно. Монгол төрийг хариуцлагатай, шударга, зарчимтай, ёс зүйтэй байх ёстой хэмээн шаардаж буй нийгэм, олон нийт, залуучуудынхаа шаардлагыг энэхүү үйлдлээрээ дэмжиж байна. Надад итгэлээ өгч дэмжин хоёр удаа УИХ-ын гишүүнээр сонгосон Архангайчууддаа болон төрийн сайд, төрийн түшээгээр ажиллах хугацаанд зөвийг минь дэмжиж, бурууг шүүмжилж байсан монголынхоо нийт иргэдэд чин сэтгэлээсээ баярлаж талархаж байгаагаа илэрхийлж, мэхийн ёслоё. Миний энэхүү хүсэлтийг холбогдох хууль журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье

Хүсэлт гаргсасан: УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Ийнхүү УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх тухай хүсэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураахад байнгын хорооны хуралдаанд оролцсонг ишүүдийн 75 хувийн саналаар дэмжигдэв. Санал хураалтын дүнгийн дагуу тогтоолын төсөл бэлдэж УИХ-ын чуулганд Н.Энхболд танилцуулахаар тогтлоо.