Оросын албан тушаалтнуудыг iPhone утсаа хаяхыг үүрэгдэв

A- A A+
Оросын албан тушаалтнуудыг iPhone утсаа хаяхыг үүрэгдэв

Мэдээллийн аюулгүй байдлын үүднээс "iPhone" утаснаасаа татгалзахыг Кремлийн зүгээс Оросын албан тушаалтнуудад зөвлөлөө. Тодруулбал, албан тушаалтнуудыг дөрөвдүгээр сарын 1 гэхэд "iPhone" утсаа солих ёстой гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэгдүгээр орлогч дарга Сергей Кириенко хэлсэн байна. Уг зөвлөмжийг энэ сарын эхээр Москвад болсон нэгэн семинарын үеэр хүргүүлжээ. Семинарт оролцсон нэгэн эх сурвалжийн хэлснээр "iPhone-ийн хувьд бүх зүйл дууслаа. Нэг бол хая, эсвэл хүүхдүүдэд өг" гэж хэлсэн гэв.

"iPhone" утсаа Android болон хятад утсаар эсвэл Оросын "Open Mobile Platform" компанийн бүтээсэн "Aurora" үйлдлийн системээр солихыг үүрэг болгосон байна.

Орос, Украины дайн эхлээд ердөө долоо хоногийн дараа "Apple" компани Орост бүтээгдэхүүнээ борлуулахаа зогсоосон. Гэвч хэдэн сарын дараа оросууд шинээр гарсан "iPhone 14"-ийг импортоор худалдаж аваад эхэлсэн гэх мэдээлэл гарчээ. Дайн эхлээд хэдхэн сарын дараа ОХУ импортын хөтөлбөрүүдийг хуульчилсан гэж мэдээлсэн юм. Энэ нь худалдаа эрхлэгчдэд барааны тэмдгийн зөвшөөрөлгүйгээр тус улсад бүтээгдэхүүн тээвэрлэх боломжийг олгодог систем юм.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаанд ажилладаг хүмүүсийг "iPhone" утаснаасаа татгалзахыг зөвлөсөн гэх боловч энэ нь тус улсын засгийн газрын бүх албан тушаалтанд хамааралтай эсэх нь тодорхойгүй. АНУ дахь ОХУ-ын Элчин сайдын яам болон "Apple" компаниас энэ талаар тайлбар хүссэн боловч хариу өгөөгүй байна.

Эх сурвалж: INSIDER