Т.Аюурсайханы ярьдаг шударга ёс өөрөөс нь шударга байхыг шаардаж эхэллээ

A- A A+
Т.Аюурсайханы ярьдаг шударга ёс өөрөөс нь шударга байхыг шаардаж эхэллээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж, Байнгын хорооны даргадаа банга хүртээнэ. Тус Байгын хорооны дарга Ж.Мөнхбат УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. АТГ түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг үндэслэлээр яллагдагчаар татсан юм. Үүнтэй холбоотойгоор Ж.Мөнхбат УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад гаргасан. Тэрээр ээжийгээ эмчлүүлэхээр БНСУ руу явсан бөгөөд өөрийнхөө эзгүйд УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ хэлэлцүүлэхээ илэрхийлсэн байна. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ "Ж.Мөнхбат гишүүний суудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. Бид Ж.Мөнхбат гишүүнтэй холбогдож байгаа. Өөрөө ирж амжихгүй, ээжийгээ эмчлүүлж байгаа гэсэн. Өөрөө оролцох боломжгүй ч миний асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөөч гэж байгаа. Хэлэлцээд явахад хуульд харшлах зүйлгүй" гэсэн юм.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбаттай дөрөө харшуулан яллагдагчаар татагдаж, мөн л УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бас нэг гишүүн бол Т.Аюурсайхан. АТГ-аас түүнийг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг үндэслэлээр яллагдагчаар татсан. Тэрээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар давхар ажиллаж байсан бөгөөд түүнээсээ ч чөлөөлөгдөхийг хүссэн. Засгийн газар түүний энэхүү хүслийг хангаж сайдын суудлаас нь буулгасан. “Давхар дээл” нөмөрч төрийн дулаан хайр халамжид тухалж явсан түүнд "нүцгэн" үлдэнэ гэдэг дэндүү харамсалтай санагдсан бололтой. Тэрээр хоёр албан тушаалаасаа нэгэн зэрэг татгалзаж байгаагаа мэдэгдсэн боловч УИХ-ын дарга Г.Занданшатарт хаяглсан УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх албан бичгээ олон нийтэд харуулчихаад өөртөө хадгалжээ.

Т.Аюурсайханы ярьдаг шударга ёс өөрөөс нь шударга байхыг шаардаж эхэллээ

УИХ-ын гишүүнээсээ ч чөлөөлөгдөнө хэмээн бардамнасан энэхүү албан бичгээ өнөөг хүртэл УИХ-ын даргад хүргүүлээгүй байна. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ "Т.Аюурсайхан УИХ-ын гишүүнээс татгалзах хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт өгөөгүй юм билээ. Харин Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгсөн байсан" гэсэн юм.

Т.Аюурсайхан гишүүн олон нийтэд албан бичгээрээ амласан ёсоор бол өнөөдөр Ж.Мөнхбат гишүүнтэй зэрэгцээд бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх асуудлаа хэлэлцүүлэх ёстой. Гэвч хойш сууж УИХ-ын гишүүнээрээ үлдэх хүсэлтэй байгаа бололтой. Яллагдагчаар татагдсан ч “дан дээл”-ээ тайлж, сайдын суудлаасаа бууугаад болно гэж үзжээ. Түүнийхээр бол Ж.Мөнхбат гишүүн ч УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын суудлаасаа буухад л болох бололтой.

Уг нь Т.Аюурсайхан бол шударга дүрээр гарч ирсэн хүн. 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа МАН-ын Шинэчлэлийн хороо гэсэн хөдөлгөөн өрнүүлж, намын даргын сунгаанд М.Энхболд, Ө.Энхтүвшин нартай өрсөлдсөнөөр Чингэлтэй дүүргийн Засаг даргаас дээш гараагүй байсан түүний улс төрийн карьер шинээр эхэлсэн гэхэд болно. Намын даргын сунгаанд ялалт байгуулна гэдэгтээ тэр өөрөө ч итгээгүй байх. Өрсөлдөгч нь М.Энхболд, Ө.Энхтүвшин гэхээр түүнд ямар ч боломж байхгүй нь хэнд ч ойлгомжтой. Харин Т.Аюурсайхан гэж хэн бэ гэдгээ олон нийтэд танилцуулах сайхан боломж байсан юм. Үүн дээрээ дөрөөлөн УИХ-ын сонгуульд оролцож хоёр ч удаа ялалт байгуулсан. Улмаар УИХ-ын дэд дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд хүртэл дэвшив. Тэрээр эдгээр албан тушаалд очихдоо ч шударга дүрээ ашигласан. Намаасаа сонгогдсон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын дарга М.Энхболд нарыг огцруулахад биечлэн оролцож “Шударга тав” хэмээн нэрлэгдэх болсон таван гишүүний нэг бол Т.Аюурсайхан. Энэ мэтээр бусдаас шударга ёс шаардаж явсан тэрээр өөрөө шударга ёсны өмнө бөхийх бус гэдийж эхэллээ.