Арын албанаас Оскарын тайзнаа

A- A A+
Арын албанаас Оскарын тайзнаа

Энэ жилийн Оскарын наадамд азиуд амжилттай оролцсон. Тэдний нэг жижигчин, найруулагч, орлон тоглогч Ке Хью Кваныг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа танилцуулж байна. 


Ке Хью Кван 1980-аад онд хүүхэд байхдаа Холливудын алдарт "Индиан Жонс" кинонд тоглосноор тухайн үедээ од болж байв. Тэрбээр уг киногоороо олонд танигдаж, хэд хэдэн кинонд дүр бүтээсэн ч жүжигчний карьераа 20 жил завсарласан. Гэхдээ тэрбээр энэ хугацаанд кино урлагаас яваагүй бөгөөд ихэвчлэн орлон тоглогч, туслах найруулагчаар ажиллаж байжээ. Гэсэн ч алдартай жүжигчин болох багийн мөрөөдлөө орхиогүй явсан бөгөөд өнгөрсөн жил "Бүгд нэг дор" кинонд тоглосноор 51 насандаа Оскарын наадмаас шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг хүртэв. Тэрбээр удаан хугацаанд кинонд дүр бүтээгээгүй ч "Галзуу баян азиуд" киноноос урам зориг авсан гэнэ.

Кван 1984 онд "Индиан Жонс ба Сүйрлийн сүм" кинонд хятад халаасны хулгайч хүүгийн дүрд санамсаргүйгээр шалгуулж, тэнцсэнээр кино урлагтай үүрд холбогдсон байна. Уг нь тэрбээр шалгаруулалтад дүүгээ дэмжиж очсон байв. Шалгаруулалтад тэнцсэнээс 21 хоногийн дараа Шри-Ланкад кино зураг авалт хийхээр явсан бөгөөд энэ нь "амьдралынх нь хамгийн жаргалтай үе" байсан гэж ярьдаг. Гэвч өсч томрохын хэрээр дүрийн санал ирэх нь багасч, кино багийн арын албанд каскадер зохицуулагч эсвэл туслах найруулагчаар ажиллаж эхэлсэн байна. Тухайн үед түүнд ирдэг дүрийн саналууд нь ихэвчлэн азиудыг дооглосон шинжтэй байснаас утга учиртай дүр байгаагүй учраас 20-оод насаа дэмий өнгөрүүлсэн гэхэд болно.

МАРТАГДАХ АЙДАС

Харин "Галзуу баян азиуд" кино 2018 онд гарсан нь түүнд жинхэнэ урам зоригийг өгчээ. Кван уг киног кинотеатрт гурван удаа үзэж, тухай бүрдээ сэтгэл хөдлөлдөө автан уйлсан гэв. "Надад мартагдах вий гэсэн айдас маш хүчтэй байсан. Тиймээс бусад ази жүжигчдийн адил кинонд тоглохыг хүссэн. Тэр цагаас би кинонд дахин тоглохоор сэтгэл шулуудсан. Гэвч би хэдийнэ 50 нас хүрсэн байсан. Тиймээс мөрөөдлийнхөө төлөө алхам хийхэд надаас маш их зориг шаардсан. "Бүгд нэг дор" киноны саналыг хүлээж авахдаа би Оскар авна чинээ бодоогүй" гэж Кван ярьжээ.

Түүний дүр бүтээсэн "Бүгд нэг дор" кино Оскараас долоон номинацид шагнал хүртсэн. Кваны жүжиглэлтийг шүүмжлэгчид, шүүгчид ихэд сайшааж, Оскараас гадна Алтан бөмбөрцөг зэрэг олон шагналыг хүртээжээ.

Шагнал гардуулах ёслолын дараа хэлсэн үгэндээ "Ийм зүйл кинонд л гардаг гэж тэд ярьдаг. Би үүнд итгэж ч чадахгүй байна. Энэ бол жинхэнэ америк мөрөөдөл" гэж нулимс урсган ярьжээ. Түүнчлэн "Миний аялал завин дээр эхэлсэн. Би дүрвэгсдийн хуаранд нэг жил амьдарсан. Ямартай ч би Холливудын том тайзнаа гарч чадсан. Ээж минь өдгөө 84 настай. Ээжээ, би Оскар авлаа. Тандаа аваад очиноо" хэмээн ярьсан нь олон сая дүрвэгсдэд итгэл найдвар болсон эргэлзээгүй.

Үнэхээр ч түүний амьдралын түүхийг кинонд л гардаг гэж хэлж болох аж. Кван 1971 онд Өмнөд Вьетнамын Сайгон хотод хятад гаралтай гэр бүлд төржээ. Гэвч 1975 онд Хойд Вьетнам нь Өмнөд хэсгээ эзэлж, улсаа нэгтгэх үйл явц эхэлсэн бөгөөд гурван жилийн дараа гэр бүлээрээ эх орноосоо дүрвэсэн байна. Эцэг нь Кваны хамт таван хүүхдээ аваад Хонгконг руу дүрвэсэн бол ээж нь гурван хүүхэдтэйгээ Малайзад очсон байв.

Хожим тэд 1979 онд АНУ-ын дүрвэгсдийг хүлээн авах хөтөлбөрт хамрагдсанаар бүтэн есөн жилийн дараа гэр бүлээрээ эргэн нэгджээ.

Тэрбээр Калифорни муж улсад өсч, Лос-Анжелес хотын дунд сургууль, Алабамагийн ахлах сургуульд суралцсан байна. Дараа нь Өмнөд Калифорнийн их сургуулийн Кино урлагийн сургуульд суралцаж, оюутан байхдаа "Voodoo" нэртэй богино хэмжээний аймшгийн киног найруулсан байна.

Энэ киногоороо 2000 онд "Slamdance" кино наадмын үзэгчдийн шагналыг хүртсэн бөгөөд өнөөг хүртэл кино урлагийн чиглэлээр суралцдаг оюутнуудад жишээ болгон үзүүлдэг гэнэ.

Кван 1999 онд сургуулиа төгсөөд Хонгконгийн  Кори Юэнтэй хамтарч 2000 оны "Икс хүмүүс" кинонд туслах найруулагчаар ажилласан байна. Тэрбээр англи, кантон аялга, хятад, вьетнам хэлээр чөлөөтэй ярьдаг. Вьетнам бүсгүйтэй гэрлэсэн бөгөөд Лос-Анжелес хотын Вудлэнд Хиллзэд амьдардаг.