УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа Авлигатай тэмцэх газар өчигдөр /2023.03.22/ Улсын ерөнхий прокурорын газарт хүргэсэн байна.
Уг саналтай Улсын ерөнхий прокурор танилцаж буй ажээ.
Дээрх нэр бүхий гурван гишүүн нь нүүрсний хэрэгт нэр холбогдож, Авлигатай тэмцэх газар/АТГ/-т шалгуулах болсон юм. Гэвч мөрдөн шалгах ажиллагаанд УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийн асуудал нь саад учруулж байгаа тул түдгэлзүүлэн шалгах шаардлага үүсч буй гэдгээ тус газар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.
Хуульд зааснаар Улсын ерөнхий прокурор нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д өргөн мэдүүлэх учиртай. УИХ нь 14 хоногийн хугацаанд багтаан энэ асуудлыг эцэслэх ёстой юм.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2023.03.23/ Ж.Мөнхбат гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн, шийдвэрлэнэ. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнгөрсөн Мягмар гаригт хуралдан, Ж.Мөнхбат гишүүний хүсэлтийг хүлээн авсан. Нүүрсний хэрэгт нэр холбогдсон гишүүдээс одоогоор зөвхөн Ж.Мөнхбат гишүүн бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлт гарган, УИХ-аар хэлэлцэх гэж байгаа бол бусад гишүүдийн хувьд чимээгүй сууж буй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Зам тээврийн хөгжлийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нар одоогоор бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй сууж байгаа. Иймээс АТГ удахгүй дээрх хоёр гишүүний асуудлыг ч хөндөх болов уу гэсэн хүлээлт бас бий.
УИХ-ын хувьд тэр дундаа эрх баригч нам нүүрсний хэрэгт холбогдсон гишүүдээ хамгаалж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүй авч үлдвэл ард түмэн гудамжинд гарч, жагсах болно гэдгээ мэдэгдсээр байгаа. Иймээс эрх баригчдын хувьд энэ удаад Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авч, боломж хулгайлсан гишүүдийг хаацайлсан шиг байдлаар хандвал 2024 оны УИХ-ын сонгуульд МАН үсгүй болтлоо хусуулж мэдэх юм.