Хойд Солонгос "цацраг идэвхт цунами" үүсгэх зэвсэг туршив

A- A A+
Хойд Солонгос

Хойд Солонгос улсаас усан дор цөмийн дайралт хийх дронын  туршилтыг хийжээ. Тус улсын шинэ загварын дроны дайралт нь  "цацраг идэвхт цунами" үүсгэж, дайсны хөлөг онгоцууд, боомтыг устгах чадалтай гэдгийг онцолж байна.

Хойд Солонгосын төрийн мэдээллийн агентлагт мэдээлснээр Мягмараас Пүрэв гаригийн хооронд үргэлжилсэн цэргийн сургуулилалтын үеэр "өргөн хүрээтэй хөнөөлт давлагаа" үүсгэх боломжтой шинэ төрлийн зэвсгийн систем туршчээ.

"Нууц зэвсгийг" Мягмар гаригт Өмнөд Хамгён мужаас тэнгист гаргаж, өчигдөр цэнэгт цөмийн хошууг дэлбэлсэн гэж тус агентлаг мэдээлжээ. Тэр болтол цэнэгт хошуу усан дор 80-150 метрийн гүнд 59 цаг 12 минутын турш "аялсан" гэв. Тодруулбал, Өмнөд Хамгён мужид хөөргөсөн  "Хвасал-1 болон 2" төрлийн стратегийн далавчит дөрвөн пуужин Японы тэнгис гэгддэг Зүүн тэнгист тавьсан байг оновчтой оносон гэж мэдээлжээ.

Цэргийн сургуулилалтыг "бодит цөмийн хямралын талаар дайснаа сэрэмжлүүлэх, өөрийгөө хамгаалах цөмийн хүчний найдвартай байдлыг шалгах зорилгоор" зохион байгуулах тушаалыг Умардын Төв цэргийн комиссоос гаргажээ.  Ким Жон Уны биечлэн удирдсан тус цэргийн сургуулилалт нь цөмийн дайныг таслан зогсоох Пёньяны чадавхи илүү хурдацтай нэмэгдэж байгааг АНУ, Өмнөд Солонгос улсуудад ойлгуулах зорилготой гэв. 

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE