Архангайд нөхөн сонгууль явуулах эсэхийг УИХ шийднэ

A- A A+
Архангайд нөхөн сонгууль явуулах эсэхийг УИХ шийднэ

Ж.Мөнхбатыг өөрийнх нь хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн. Түүний хувьд БНСУ-д ээжийнхээ биеийг эмчлүүлэхээс гадна нийгэмд шүүмжлэл дагуулаад байгаа нүүрсний хэрэгт удаа дараа нэр холбогдож, иргэдийн дунд эргэлзээ тээнэгэлзээ үүссэн учраас өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, холбогдох хуулийн байгууллагад шалгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хүслийг УИХ ёсоор болгосон.

Тэрбээр УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог буюу Архангай аймгаас сонгогдон ажиллаж байсан юм. Тиймээс УИХ дахь нэг гишүүнээ алдсан тус тойргийн сонгогчдын төрд төлөөний хүнээ суулгах эрхийг хангах үүднээс нөхөн сонгууль явуулах эсэх асуудал хөндөгдөж байна.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс  тодруулахад "Гишүүнээс чөлөөлөгдсөнөөс хойш 50 хоногийн дотор УИХ нөхөн сонгуулийг товлон зарлана гэсэн хуультай. Одоогоор яг хугацаа нь тогтоогүй байна. УИХ 50 хоногийн дотор багтааж шийдвэр гаргах ёстой" гэдгийг хэлсэн юм.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 9.9-т УИХ нөхөн сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө, нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногийн дотор энэ хуульд нийцүүлэн товлон зарлана хэмээн тусгажээ. Харин сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг Сонгуулийн ерөнхий хороо батладаг хуультай. Архангай аймагт нөхөн сонгууль хэзээ явуулах талаар Сонгуулийн ерөнхий  хорооноос тодруулахад “УИХ-аас Архангай аймагт нөхөн сонгууль явуулах шийд гарсан тохиолдолд манай байгууллагаас зохион байгуулалтын ажлыг хариуцна. Тиймээс эхний ээлжинд УИХ-аас шийдвэр гарахыг хүлээж байна” гэв.

Бүрэн эрхээсээ татгалзсан УИХ-ын Ж.Мөнхбатын араас УИХ-ын хэд хэдэн гишүүний бүрэн эрхтэйгээ байх эсэх асуудал олны анхаарлын төвд байна. Тухайлбал, Улсын ерөнхий прокуророос  Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарыг гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг өнгөрөгч Баасан гаригт хүргүүлсэн. Прокурорын хүсэлтийг хүлээн авах эсэх асуудлаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж шийдвэр гаргах юм. Гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхээс хамаарч өмнөговьчууд, чингэлтэйчүүд төрд төлөөлөлгүй болж, нөхөн сонгууль хийх үү эсвэл УИХ "хамгаалаад" үлдэх үү.