ЭХ СУРВАЛЖ: “Ажнай” 28.7 тэрбумын ногдол ашиг илүү авч Капитроноороо угаасан, Т.Аюурсайхан 1.6 тэрбумын хөрөнгөө тайлбарлаагүй, Н.Наранбаатар Б.Ганхуягт нөлөөлж хятадуудад давуу байдал олгуулжээ

A- A A+
ЭХ СУРВАЛЖ: “Ажнай” 28.7 тэрбумын ногдол ашиг илүү авч Капитроноороо угаасан, Т.Аюурсайхан 1.6 тэрбумын хөрөнгөө тайлбарлаагүй, Н.Наранбаатар Б.Ганхуягт нөлөөлж хятадуудад давуу байдал олгуулжээ

Гурван гишүүний улс төр дахь цаашдын хувь заяаг энэ гурван хоногт шийдвэрлэнэ. Халдашгүй байдлын дэд хороогоор өнөөдөр асуудлыг хэлэлцэж эхлэх бөгөөд эндээс гарсан шийдвэр хэрэг цаашаа хөврөхөд жинтэй хувь нэмэр оруулна. Гэвч түүхэндээ Халдашгүй байдлын дэд хороо прокуророос орж ирсэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг дэмжсэн тохиолдол хуруу даръя гэсэн ч нэг, хоёроос хэтрэхгүй.

Хамгийн хяслантай нь Халдашгүй байдлын дэд хороо, байнгын хороодын хурал хаалттай хаалганы цаана нууц горимоор явдаг тул хэвлэл, олон нийт хий дэмий "цээжээ балбахаас" гавьдаггүй. Санал хураалтууд ч нууцаар явдаг тул тохироо, төлбөрийн “найр наадам” хэрээс хэтэрч, шударга ёс шалаар нэг унах нь элбэг. Уг нь нүүрсний хулгайд холбогдсон гурван гишүүнийг бүрэн эрхийг түдгэлзүүлбэл том зургаараа авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх бүх нийтийн тэмцэлд лут том гэрэл асаах учиртай. Гэвч бүгдийг нууцаар шийдэх УИХ-ын горим асуудлыг замруулж мэдэхээр байгааг нуугаад яах вэ.

“Ажнай” Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар гурвыг ямар нотлох баримтын хүрээнд, ямар үндэслэлүүдээр шалгаж буй олон нийтэд тодорхойгүй байгаа. “Орон нутгийн Тавантолгой, гэмт бүлэглэл байгуулсан, Өмнөговийн Засаг дарга байхдаа хэрэг тарьсан байх” гэх жижүүрийн хэдэн таамаглал төдий буруутгалаас цаашаа хэтрэхгүй. Гурван гишүүн ч үүнийг өлгөж аваад “Бид буруугүй, гүтгэлээ” гэх зэргээр сайхан далим үсэргэж, өөрсдийгөө хамгаалж буй юм.

Тэгвэл өнөөдрийнхөө нийтлэлээр эдгээр гурван гишүүний бүрэн эрхийг ямар шалтгаанаар түдгэлзүүлж шалгах гээд байгаа. Цаашлаад тус бүрдээ ямар асуудлуудад буруутгагдан, шалгагдаж байгаа талаар баттай эх сурвалжийн мэдээлснийг хүргэж байна. Хаалттай хаалганы цаана юу гэж яригдахыг дэлгэрэнгүй мэдэж чадахгүй хэвлэл ч, олон нийт ч мэдэх ёстой зүйлээ мэдэж байх нь шударга ёсонд нийцэх учиртай.

“Ажнай” Д.Бат-Эрдэнэ өөртөө их хэмжээний ногдол ашиг хуваарилсан, Капитрон банкаараа дамжуулан мөнгө угаасан хэрэгт шалгагдаж байна

Эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн “Ажнай” Д.Бат-Эрдэнийн 2006-2022 оны хооронд орон нутгийн гэгдэх “Таван толгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал, ТУЗ-өөс ногдол ашиг хуваарилах шийдвэрүүдийг гаргуулан гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогчоор дамжуулан олговол зохих хэмжээний ногдол ашгийн дүнгээс өөртөөө 28.7 тэрбум төгрөг, “Ажнай” корпорацидаа мөн тодорхой хэмжээний мөнгөн дүнгээр илүү олгуулсан гэх баримт хэрэгт авагдсан байна.

Д.Бат-Эрдэнэ гишүүн нь “Ажнай” корпорпаци, Капитрон банкууд зэргийн хувьцаа эзэмшигч. Капитрон банкны эцсийн өмчлөгч нь Д.Бат-Эрдэнэ. Тэгвэл хуулийнхан нүүрсний хэрэгт холбогдуулж шалгах явцад тэрбээр ногдол ашгийг хууль бусаар өөртөө болон өөрийн эзэмшлийн банкны дансаараа авч, ашиглан их хэмжээний хохирол учруулж, мөнгө угаасан хууль бус үйлдлүүд тогтоох болжээ.

Мөн 2006-2022 онд Өмнөговь аймагт 286.3 тэрбумын ногдол ашиг олгохоос 6 тэрбум гаруй төгрөгийг шилжүүлээгүй байсан аж.

Т.Аюурсайхан морины 3 жүчээ, 700 саяын тансаг орон сууц тэргүүтэй 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгөө тайлбарлаж чадаагүй бөгөөд гэмт бүлгийг ингэж “байгуулжээ”

Нэгэн цагт шударга ёсны хэмжүүрийн дүрд урнаар тоглож явсан Т.Аюурсайхан гишүүнээр ажиллах хугацаандаа өөрийн гэсэн бизнесгүй атлаа сүүлийн жилүүдэд хөрөнгө орлого нь ямар ч үндэслэлээр 1.6 тэрбум төгрөгөөр буюу үлэмж их хэмжээгээр нэмэгдсэнээ тайлбарлаж чадахгүй байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Эх сурвалжийн өгч буй мэдээллээр, Т.Аюурсайхан нь:

-2017 онд эх үүсвэр нь тодорхойгүй 700 гаруй сая төгрөгөөр ХУД-ийн 11 дүгээр хороо “Сэүл Роял Каунти” хотхонд байрлах 230м2 орон сууцыг худалдан авсан,

-Эхнэрийн дүү Б-гийн нэр дээр хурдан удмын адуу тэжээх зорилгоор Төв аймгийн Сэргэлэн суманд 9 айлын газар худалдаж авсан,

-Хадам ээж С болон хадам ах Ц-гийн нэр дээр Хүй долоо худагт 2га газар бусдаас худалдан авч, үүн дээрээ 860 орчим сая төгрөгийн үнэлгээтэй хурдан удмын адуу тэжээх зориулалт бүхий адууны жүчээ, хүлээн авалтын гэр, байшин зэрэг объектуудыг барьж, байгуулсан,

-Өөрийн үеэл дүү Т-гийн нэр дээр Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд хурдан удмын адуу тэжээх зориулалттай жүчээ, амралтын байшин зэргийг бариулан, 100 гаруй тооны адуу байршуулсан зэрэг маш их хэмжээний мөнгө, хөрөнгө зарцуулсан хөрөнгийн эх үүсвэрийг тайлбарлаж чадахгүй байгаа гэх мэдээлэл байна.

Эдгээрээс гадна хамгийн ноцтой нь гэмт хэрэг үйлдэх нөхцөл боломжийг бүрдүүлсэн гэмт бүлэг байгуулсан гэх асуудал юм. Тодруулбал, “МАН-ын шинэчлэл хөгжлийн хороо” ГҮТББ-д хамтран ажиллаж байсан, 2016 оны сонгуулийн штабад ерөнхий менежерээр ажиллаж байсан Б.Ганхуягийг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүн. Мөн дээрх ТТБ-ын дэд даргаар ажиллаж байсан Н.Удаанжаргалыг “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Отгонжаргалыг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн газрын менежерээр, тус хорооны бага хурлын гишүүн бөгөөд 2020 оны УИХ-ын сонгуулиар өөрийн сонгуулийн штабын ерөнхий менежерээр ажиллаж байсан И.Даваадоржийг гишүүний зөвлөх, туслахаар томилж хажуудаа авсан. Мөн Х.Нурлатыг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга, “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр тус, тус томилуулахад УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛСЭН тул тэдгээрийг гэмт үйлдэх нөхцөл боломжийг бүрдүүлэн гэмт хэргийн бүлэг байгуулсан хэмээн буруутгагдаад буй ажээ.

Н.Наранбаатар гишүүний албан тушаалаа ашиглан Б.Ганхуягт нөлөөлж Хятадын 3 компанид давуутай гэрээ байгуулуулсан, ковидын үед аймаг, гаалийн дарга нарт нөлөөлж Хятад компанийн 32 гаруй машиныг тээвэрт оролцуулсан, төрсөн дүүгийнхээ машиныг хууль бусаар гаалиар нэвтрүүлжээ

Өмнөговь аймгаар овоглодог Н.Наранбаатар УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягт нөлөөлөн БНХАУ-ын нэр бүхий гурван компанитай нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулуулан давуу байдал бий болгосон.

Ковидын үед УОК-оос гаргасан журмыг зөрчилж Шивээ хүрэн боомтоор нүүрс тээвэрлэн гаргадаг “Чинхуа транс” ХХК-ийн нүүрс тээврийн 32 машиныг тээврийн үйл ажиллагаанд оролцуулж, хилээр нэвтрүүлэх эрхийг олгох зорилгоор УИХ-ын гишүүний албан тушаалаа урвуулан ашиглан Өмнөговь аймгийн Онцгой комиссын дарга, Шивээ хүрэн боомтын дарга нарт хууль бусаар нөлөөлсөн гэх хэрэгт.

Мөн гишүүний албан тушаалаа урвуулан ашиглаж өөрийн төрсөн дүү О-гийн “Өлзийт ойл” ХХК-ийн “Петро трак” ХХК-иас худалдан авахаар тохирсон нүүрс тээврийн 2 ширхэг чирэгч толгой машин, чиргүүлүүдийг Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор халдвар хамгааллын хорио цээрийн дэглэмтэй үед хууль бусаар гаалийн дараалал зөрчүүлэн улсын хилээр оруулж ирсэн.

Төрсөн дүү О-гийн “Сэрсэн говь” ХХК-тай 2017 онд аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ЗДТГ-аас зарласан 60 сая төгрөгийн үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, олгосон гэх зэрэг үндэслэлүүдээр “нүүрсний хулгай”-д шалгагдаж байгаа аж. Үүнээс гадна Н.Наранбаатар гишүүний ХУД-т байрлах Маршаул таун хотхоны тансаг зэрэглэлийн 250м2 орон сууцыг худалдан авсан эх үүсвэрийг шалгаж буй юм байна.

Ийнхүү “нүүрсний хулгай”-д нэр холбогдон яллагдагчаар татагдан хуулийн байгууллагад шалгуулж, гишүүний бүрэн эрхээ алдах дээрээ тулаад буй гурван гишүүний тус, тусдаа ямар асуудлууд буруутгагдаж байгааг нь. Хэргийг шалгах явцад хуулийн байгууллагад чухам ямар, ямар баримт нотолгоо авагдаж, ямар үндэслэлээр шалгалтын ажиллагаа явагдаж буй талаарх баттай эх сурвалжийн мэдээллийг манай сайт хүргэлээ. Дашрамд сануулахад эдгээр асуудлууд нь зөвхөн шалгалтын явцад хэрэгт авагдсан үйл баримтууд бөгөөд хуулийн байгууллагуудаас шалгаж дуусаад шүүхээр оруулж гэм буруутай эсэхийг нь шийдүүлнэ.

Энэ шалгалтад гишүүний бүрэн эрх нь саад болсон гэж үзсэн учраас АТГ-ын саналаар прокурорын байгууллагаас гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д оруулж ирээд буй юм.

Нэмж хэлэхэд гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэдэг бол буруутай гэж шийдсэн үйлдэл огт биш. Элдэв хуулийн хамгаалалтаас гарч, дугаар хорооны иргэний адилаар шалгуулна л гэсэн үг. Хэрвээ буруутай нь тогтоогдвол шүүхээс ял авч, буруугүй гэж тогтоогдвол бүрэн эрхээ сэргээлгэх учиртай.