Н.Батбаяр: Прокурорууд яллах саналаа татвал өлзийтэй. Ял үүрэх юмаа өөрсдөө яриад байгаа учир өрөвдсөндөө хэллээ

A- A A+
Н.Батбаяр: Прокурорууд яллах саналаа татвал өлзийтэй. Ял үүрэх юмаа өөрсдөө яриад байгаа учир өрөвдсөндөө хэллээ

Хөгжлийн Банкны гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 11 дэх өдрөө үргэлжилж байна. 

Өнөөдрийн шүүх хуралдаанаар яллагдагчаар татагдсан 80 хүн, дөрвөн хуулийн этгээдээс прокурор, өмгөөлөгч, асуулт асууж, хариулт авч байгаа юм. 

Энэ үеэр "Энержи Ресурс" ХХК, "Говийн зам" ХХК-ийн холбоотой асуудлаар Эдийн засаг, Хөгжлийн сайд асан Н.Батбаяраас яллах дүгнэлтийн дагуу прокурор асуулт асууж, хариулт авав. 

- Засгийн газрын гишүүний хувьд Засгийн газрын 2009 оны тогтоол шийдвэрүүдийг дагаж мөрдөх үүрэгтэй юу? 

- Засгийн газрын гишүүний хувьд тогтоол шийдвэрүүдийг дагаж мөрдөх үүрэгтэй. 

- Таны мөрдөж ажилладаг журмууд зөрчигдсөн харагдаж байгаа. Та өнөөдрийн хэлэлцэгдэж байгаа "Энержи Ресурс" ХХК, "Говийн зам" ХХК-ийн замыг худалдаж авах асуудал дээр засгийн газрын хууль журмыг мөрдөж ажилласан уу? 

- Нэгдүгээрт прокурорын асуултыг ойлгохгүй байна. "Энержи Ресурс" ХХК, "Говийн зам" ХХК Хөгжлийн Банкнаас зээл аваагүй. Тиймээс нэр томьёогоо зөв болгохыг хүсэж байна. Би Үндсэн хууль баталсан хүний нэг. Монгол Улсын прокурорын байгууллага хуулиа биелүүлэхгүй байна. 

Засгийн газрын тогтоол хуульд нийцсэн эсэх асуудлын Үндсэн хуулийн 45.2 хэсэгт УИХ шийднэ гэсэн байгаа. 

- Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх үүрэг чиглэлийг хэзээ, хэнээс, ямар байдлаар авсан бэ? 

- Засгийн газрын шийдвэрийг энэ эрүүгийн хэрэгт ярих ёсгүй. Ахиж хууль зөрчсөн асуудал яривал хариулах боломжгүй гэдгээ хэлье. Засгийн газрын сайдын хувьд хэн нэгнээс үүрэг чиглэл аваагүй. Бодлого шийдвэр боловсруулж шийддэг юм. Та өөрөө бусдаас шийдвэр авдаг болохоор ингэж яриад байх шиг байна. 

- Уучлаарай. Н.Алтанхуяг сайд та хоёрын өгсөн мэдүүлгийн хүрээнд асуулаа. Танаас цаг хугацаа асуусан. Та цаг хугацаатай хэлээд үндэслэлээ тайлбарлаж чадах уу? 

- Монгол Улсын прокурорын байгууллага эрүүгийн, УИХ-ын, Засгийн газрын хуулийг зөрчиж байгаагаа мэдэж байна уу. Үүнийхээ төлөө удахгүй хариуцлага хүлээхээ мэдэж байна уу. Та хууль бус юм ярихаа зогсоо. 

- Та миний асуултад хариулж чадсангүй. Та хариулахгүй ч байж болно. Хувийн компанийн албан бичгийг үндэслээд Засгийн газарт танилцуулга хийгээд шийдвэр гаргуулсны улмаас Хөгжлийн Банканд хохирол учирсан байна. Тиймээс танд Ерөнхий сайд чиглэл өгсөн үү, эсвэл өөрөө судлаад танилцуулсан уу гэдгийг асууж байна. 

- Хууль зөрчөөд байгаа учраас бухимдаж байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад хандаж хэлье. Засгийн газрын тогтоолыг эрүүгийн хэргээр ярихаа болих хэрэгтэй. Саналаа татаж авбал танд өлзийтэй болно. Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх судалгааны ажил олон хэлбэрээр явсан. Та хуулиа мөрдчихвөл би тайван болчих гээд байна. 

- Та доод албан тушаалтнууддаа үүрэг чиглэл өгөөд Засгийн газрын шийдвэр гарсны дараа зарчмын өөрчлөлт оруулаад дур зоргоороо шийдээд байгаа нь байж болох зүйл үү? 

- Засгийн газрын тогтоол бол хамтын шийдвэр бөгөөд 50 хувийн шийдвэрийг Ерөнхий сайд гаргадаг. Таны ярьж байгаа асуудалд 10 аймгийн асуудал яригдсан. Түүнд нэг ч компанийн нэр байгаагүй. 

- Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг он дамжиж баригдах жагсаалтаас шинээр баригдах жагсаалт руу оруулсан нь зарчмын шинжтэй гээд яригдаад байгаа. Та үүнд ямар хариулт өгөх вэ? 

- Прокурор хүн нэг талаас яллах, нөгөө талаас цагаатгах талыг баримтлах ёстой. Засгийн газрын шийдвэр гарсны дараах тогтоол одоо хүртэл хүчинтэй байгаа. Тэр тогтоолд хэн ч зарчмын зөрүүтэй өөрчлөлт оруулаагүй. Засгийн газрын тогтоолын хоёр сайд хоорондоо ярьж байгаад тохироод өөрчилсөн юм шиг буруу ойлголт төрүүлээд байх юм аа.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7-т шүүх ажиллагааны үед прокурор гэм буруугүй гэж үзвэл саналаа татаж авах эрхтэй. Тэгэхээр прокурорууд саналаа татаж авбал өлзийтэй болно. Эс бөгөөс та нар ял үүрэх эрсдэлтэй юмыг өөрсдөө яриад байгаа учраас өрөвдсөндөө хэлж байна. Би та нарыг хайрлаж байна.