Болзооны "Tinder" аппликейшн ОХУ-ын зах зээлээс гарч байгаагаа зарлажээ. Украины дайн эхэлснээс хойш Оросын зах зээлээс дэлхийн олон компани гарсан бөгөөд “Tinder” ийнхүү жил гаруйн дараа буюу зургаадугаар сараас эхлэн Орос дахь үйл ажиллагаагаа зогсооно гэдгээ мэдэгдлээ.
Tinder, Hinge, Plenty Of Fish зэрэг болзооны аппликейшнүүдийг эзэмшигч "Match Group"-ийн мэдэгдэлд "Бид хүний эрхийг хүндэтгэдэг. Тиймээс Орос дахь брэндүүдийнхээ үйлчилгээг хязгаарлах арга хэмжээ авч байгаа бөгөөд 2023 оны зургаадугаар сарын 30 гэхэд тус улсын зах зээлээс гарах болно" гэж мэдээлжээ.
"Match Group"-ийн хувьцаа эзэмшигч "Fiduciary Corp"-ын гүйцэтгэх захирал Жефф Перкинс тус компани шийдвэрээ хүний эрхийн эрсдэлтэй холбосноор бусдад үлгэр дуурайл болж байна гэв. Тэрээр Tinder Оросыг орхих хангалттай шалтгаан бий хэмээгээд “Төрийн тэргүүн нь Олон улсын эрүүгийн шүүхэд буруутгагдсан улсад итгэмжлэгдсэн брэнд үйл ажиллагаагаа явуулсаар байх нь зохимжтой биш” гэсэн байна. Гуравдугаар сарын 17-нд Олон улсын эрүүгийн шүүх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг Украины нутаг дэвсгэрээс олон зуун хүүхдийг хууль бусаар албадан гаргасантай холбоотой дайны гэмт хэрэгт буруутган баривчлах тушаал гаргасан.
Ташрамд дурдахад, Москва Украин руу довтолсны дараа Оросоос дэлхийн олон брэнд, тэр дундаа дижитал үйлчилгээ үзүүлэгч Spotify, Netflix зэрэг компаниуд тус улсын зах зээлээс гарсан.
Эх сурважл: ВВС