Туулай жилдээ багтаж, Х Богдыг зална

A- A A+
Туулай жилдээ багтаж, Х Богдыг зална

Дээрхийн гэгээн XIV Далай лам Х Богд Монголоос тодорсныг албан ёсоор зарласан. Тэрбээр Монголд 2016 онд айлчилж, хэвлэлийн бага хурал хийхдээ X Богд Жавзундамба хутагт Монгол Улсад мэндэлсэн болохыг олон нийтэд зарласан. Гэхдээ нас балчир байгаа тул чухам ямар хүүхэд тодорсон талаар мэдэгдээгүй. Харин энэ жилийн сар шинийн 3-ны билэгт сайн өдөр X Богдыг тодруулсан гэх мэдээлэл цахим сүлжээнд цацагдсанаар олон нийт мэдсэн.

Тэгвэл Х Богдыг туулай жилдээ багтан албан ёсоор сэнтийд нь залах ёслол болно гэдгийг эх сурвалжууд хэлж буй юм.

"БУРХАНЫ ШАШНЫ ТЭРГҮҮНЭЭ ТОДРУУЛАХ АСУУДЛЫГ ГАДНЫ АЛИВАА ОРОЛЦООГҮЙГЭЭР БИЕ ДААН ШИЙДВЭРЛЭНЭ"

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2023 оны тавдугаар сарын 1-2-ны өдөр Бээжин хотноо албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцсон талаар албаныхан мэдээлсэн. Энэ үеэр Х Богдын асуудлаар Хятад улсын талтай ярилцаж, зөвшилцсөн гэх яриа ч сонсогдож байна.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг айлчлалын үр дүнгийн талаар хэвлэлд ярилцлага өгөхдөө "Шашны асуудал нь яах аргагүй соёлын үнэт зүйл. Монгол, Хятад хоёр улс нь Азийн буддын шашинтай орнууд. Дэлхийн түүхэнд шашны асуудал улс хоорондын харилцаанд нөлөөлж байсан тохиолдол бий. Гэвч Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай манай хоёр улсын хувьд аливаа асуудлыг яриа хэлэлцээгээр дамжуулан харилцан ойлголцолд хүрч, зохицуулж ирсэн.

Манай улсын тухайд иргэдийн шашин шүтэх болон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь хуулиар хангагдсан, хамгаалагдсан байдаг. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу төр, шашин хоёр үйл ажиллагаагаа тус тусдаа эрхлэн явуулдаг бөгөөд бие биеийн хэрэгт оролцдоггүй.

Үүнээс гадна бас нэгэн зүйлийг онцлон тэмдэглэхэд, шашны асуудал бол аль алиных нь дотоод асуудал. Монгол Улс шашны аливаа асуудлаар бодлого, үйл хэргээ бие даан, гадны ямар ч оролцоогүйгээр эрхлэн явуулдаг. Тийм ч байх учиртай. Бид шашны аливаа үйл хэрэг, тэр дундаа уламжлалт Бурханы шашны тэргүүнээ тодруулах зэрэг асуудлыг гадны аливаа оролцоогүйгээр өөрсдөө бие даан шийдвэрлэнэ.

Бурханы шашинтай холбоотой асуудлаар манай улс нэг үеэ бодвол лам нараа дотооддоо бэлтгэж, боловсон хүчний чадавхаа дээшлүүлэх бүрэн бололцоотой болсон. Бид шашны бие даасан бодлого явуулж, хэнээс ч хараат бусаар шашнаа хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх томоохон хүчин зүйл болж байгаа нь ойлгомжтой" гэдэг хариултыг өгсөн юм.

"ХУТАГТ ХУВИЛГААДЫГ ТОДРУУЛСНЫ ДАРАА ШИРЭЭНД НЬ АЛБАН ЁСООР ЗАЛЖ, БҮРЭН БАТАЛГААЖДАГ"

Х Богдын талаар Монгол Улсын их сургуулийн Антропологи-археологийн тэнхимийн багш Ж.Лхагвадэмчиг өмнө нь байр сууриа илэрхийлэхдээ "Х Богдыг тодруулахын хувьд бол 2016 онд Х Богд Жэвзундамба хутагт Монгол Улсад тодорсон болохыг олон нийтэд мэдээлсэн байдаг. Энэ жилийн Цагаан сарын шинийн гурванд Х Богд Жэвзундамба хутагтыг залах ёслол болсон бол энэ нь хараахан ширээнд залах ёслол биш байх гэж бодож байна.

2011 оны арваннэгдүгээр сарын 2-ний өдөр IХ Богд Жэвзундамба хутагтыг ширээнд нь залсны адил алсдаа Монгол Улсын Буддын шашны нийт сүм хийд, сүсэгтнүүд хуран цуглаж, Х Богд Жэвзундамба хутагтаа залах ёслол үйлдэх байх.

Ер нь бол хутагт хувилгаадыг тодруулсны дараа ширээнд нь албан ёсоор залж байж, хутагт хувилгаад бүрэн баталгааждаг уламжлалтай" гэдгийг хэлсэн байдаг.

Үндсэн хуульд “Төрийн байгууллага шашны, сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй” гэсэн заалт бий. IX дүрийн Богд Жэвзундамба хутагт өөрийн гэрээслэлдээ миний удаах дүрийг миний язгуурын багш Далай лам тодруулна, миний удаах дүр улс төрийн үйл ажиллагаанд оролцохгүй бөгөөд иш, онолын эрдэм төгөлдөр лам хувраг байна хэмээн захиж үлдээсэн байдаг.