Л.Энхрийлэн дэлхийн медалиа ихэрлүүлж, Нилс Стамп таамаг эвдлээ

A- A A+
Л.Энхрийлэн дэлхийн медалиа ихэрлүүлж, Нилс Стамп таамаг эвдлээ

Жүдо бөхийн ДАШТ-ий гурав дахь өдрийн барилдаанууд өчигдөр/2023.05.09/ боллоо.  Энэ өдөр эрэгтэйчүүдийн -73 кг болон эмэгтэйчүүдийн -57 кг-ын барилдаанууд явагдаж, аваргууд тодров. Монгол Улсаа төлөөлөн -73 кг-д олимпийн мөнгө, дэлхийн аваргын алтан медальт Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр, -57 кг-д М.Ичинхорлоо, Л.Энхрийлэн нар өрсөлдсөн.

Ц.Цогтбаатар чансаагаараа D хэсгийг толгойлж, эхний барилдаандаа гоц мөргөн удаах даваандаа Тунисийн Аледдине Бен Чалбиг ялсан ч гурав дахь тойрогтоо Алжирийн Мессаоуд Редоуан Дрист ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлэв. Тэмцээний үеэр Ц.Цогтбаатарын бэртэл сэдэрч, хүссэн барилдаанаа үзүүлж чадаагүй гэнэ. Шохэй Оно аварга зодог тайлсан тул энэ жил Ц.Цогтбаатарыг дахин түрүүлнэ гэж олон хүн хүлээж байсан нь лавтай.

Энэ жинд Швейцарийн Нилс Стамп гэх залуу түрүүлж, улсынхаа жүдогийн түүхэнд алтан үсгээр бичигдэх амжилтын эзэн боллоо. Өдгөө 26 настай тэрбээр А хэсэгт Японы Соичи Хашимотог ялсан бол хагас шигшээд Узбекистаны Муроджон Юлдошевыг, аваргын төлөө Италийн Мануэль Ломбардог тус тус ялжээ. Харин мөнгөн медалийг Италийн Мануэль Ломбардо, хүрэл медалийг Японы Соичи Хашимото болон Узбекистаны Муроджон Юлдошев нар тус тус хүртсэн аж.

Эмэгтэйчүүдийн -57 кг-д өрсөлдсөн М.Ичинхорлоо эхний тойрогтоо Тайванийн Чен-Лин Льенд ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлсэн. Тэгвэл Л.Энхрийлэн эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Австралийн Кона Кристиг, дараа нь Израилийн Тимна Нелсон Левиг, хэсгийн аваргын төлөө Канадын Жессика Климкайтыг тус тус ялж, хагас шигшээд шалгарсан. Харамсалтай нь, хагас шигшээд Канадын Криста Дэгүчид ялагдаж, хүрэл медалийн төлөө Өмнөд Солонгосыг Мими Хөг ялжээ.

Л.Энхрийлэн жил дараалан ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ.

Энэ жинд Канадын Криста Дэгүчи түрүүлж, Японы Харүка Фүнакүбо мөнгөн медаль, Канадын Жессика Климкайт болон Л.Энхрийлэн нар хүрэл медаль тус тус хүртсэн юм.

Гурван өдрийн дараах байдлаар Монгол Улс багийн дүнгээр хоёр хүрэл медаль хүртсэн амжилттай наймдугаар байранд явж байна.