ХБНГУ-ын өмнөд Синделфинген хот дахь Мерседес-Бенц автомашины үйлдвэрт пүрэв гарагийн өглөө 07:45 цагт буун дуу гарчээ. Уг халдлагын үеэр хоёр хүн амь үрэгджээ.
Цагдаа нар 53 настай сэжигтнийг баривчлан саатуулсан байна. Амь үрэгдсэн хоёр хүний нэг хүнд бэртэлтэй эмнэлэгт хүргэгдсэн ч эмч нар амь насыг нь аварч чадаагүй ажээ.
Цагдаагийн мэдээнд дурдсанаар буутай этгээд үйлдвэрийн төв танхим руу орж хоёр хүнийг буудсан байна. Хамгаалалтын ажилтнууд сэжигтнийг тэр даруй барьж цагдаа нарт хүлээлгэн өгчээ. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Халдлагын улмаас Синделфингений Мерседес-Бенцийн үйлдвэр энэ долоо хоногийг дуустал үйл ажиллагаагаа түр зогсоожээ. Компанийн удирдлага Синделфингенд болсон явдалд ихээхэн цочирдож, гүн эмгэнэл илэрхийлсэн байна. Хэргийн хохирогчид, тэдний гэр бүл, тус үйлдвэрийн бүх ажилтнуудтай сэтгэл зүрхээрээ хамт гэдгээ мэдэгджээ.
Синделфингений үйлдвэр 1915 онд байгуулагдсан бөгөөд Мерседес-Бенцийн хамгийн эртний үйлдвэр ажээ. Тус үйлдвэр 35,000 ажилчинтайгаар Мерседес-Бенц E-Class болон S-Class загваруудыг үйлдвэрлэдэг байна.