"Тавантолгой" ХК-ийн хувьцаагаа шалгах залилангийн линкээс сэрэмжлэхийг анхааруулав

A- A A+

Сүүлийн үед цахим гэмт хэрэг, цахим залиланд өртөх иргэдийн тоо өссөн байна. Тухайлбал, линкээр нэвтэрч мэдээллийг унших, өөрийнх нь бичлэг нийтлэгдсэн байна, цахим хуудсаараа дамжуулж сонжоо бөглөөрэй гэхчлэн зарууд нэмэгдэж, хуурамч хаягнаас иргэдийн хуудас руу илгээх болжээ. Тиймээс энэ төрлийн мэдээлэлд итгэж хувийн мэдээллээ алдахаас цагдаагийн байгууллага сэрэмжлүүлж байна.

Сэрэмжлүүлэг зөвлөмжийг олон нийтэд түгээж, иргэд цахим хуудсаар мэдээлэл авахдаа сэрэмжтэй ханддаг болсон ч ойрын өдрүүдэд 1072 хувьцаагаа шалгах линк дээр дарж мэдээллээ алдсан тохиолдол их гарч байгаа аж.

Тодруулбал, Фейсбүүкт “Таван толгой” ХХК-ны хувьцаагаа шалгаарай гэж олон нийтийн группт линк байршуулах, иргэний хувь хаяг руу чатаар линк буюу хортой код явуулах замаар иргэдийн нэвтрэх нэр, нууц кодыг хууль бусаар авч нэвтрэн, фейсбүүкийн найзууд руу нь хохирогчийн нэрийг барин чат бичиж, залилан мэхэлдэг сэжигтэй этгээдүүдийг Цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байна гэсэн юм.

Уг сэжигтэй этгээдүүд нь 52 иргэний фейсбүүкийн найзууд руу өмнөх бичсэн чатуудад нь үндэслэн “оршуулгын тусламж, гэнэтийн осол, өвчин, бэлэн мөнгөний хэрэгцээ гарлаа" гэх зэргээр чат бичиж, 40 орчим сая төгрөгийг бусдын дансыг ашиглан шилжүүлсэн байна.

Иймд иргэд хувийн мэдээллээ хамгаалж, цахим хуудасны чатаар ирсэн аливаа линк, кодыг нээхгүй байхыг цагдаагийн газраас анхаарууллаа.

2022 ОНД ЦАХИМ ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС 21,9 ТЭРБУМЫН ХОХИРОЛ УЧИРЧЭЭ

Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг 2021 онд 4825 бүртгэгдсэн бол өнгөрсөн 2022 онд 8563 буюу 77.5 хувь өссөн байна. Нийт хэрэгт эзлэх хувь 24.2 буюу нийт цагдаагийн бие бүрэлдэхүүний дөрвөн хүн тутмын нэг нь цахим орчинд гарсан гэмт хэргийн араас ажиллах шаардлага тулгарч байгаа аж. Энэ талаар ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга С.Тайван хэлэхдээ "Нэг цаг тутам нэг хүн цахим орчинд залиланд өртөж байна. Бага насны хүүхдийг садар самуунд уруу татах гэмт хэрэг үйлдэх арга барил нарийсч эзэн холбогдогч тогтоогдоход хүндрэлтэй байгаагаас гадна хохирогчийг хамгаалах хууль эрх зүйн орчин хомс байна.

Мөн иргэд хувийн мэдээллээ алдаж мөнгө болон сэтгэл санаагаар хохирох нь нэмэгдсэн.

2020 цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн хохирол нэг тэрбумд хүрэхгүй байсан бол хоёр жилийн дараа буюу 2022 онд 21,9 тэрбум төгрөг болж өссөн" гэж байв. Тэгвэл сүүлийн үед цахим залилагчдын арга улам нарийсч, гэмт хэргийн сэдэлгүй мэт линк болонкодоор иргэдийг хууран мэхлэх нь ихэсчээ. Тиймээс олон нийтийн хуудас ашиглах үедээ сонор сэрэмжтэй байхыг анхаарна уу.