Монголын соёл урлагийн байгууллагын ажилтнууд цалингаа нэмэхийг шаардаж жагсаж эхэллээ. Энэхүү жагсаалд УДБЭТ-ын уран бүтээлчдээс гадна номын санчид, мэргэжлийн урлагийн байгууллагынхан нэгдэж байна. Дуурь бүжгийн эрдмийн театрын гаднаас эхэлсэн уран бүтээлчдийн жагсаал одоо Соёлын яаманд очоод байна.Уран бүтээлчдийн зүгээс Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн, Төрийн нарийн бичгийн дарга нар, Соёлын дэд сайд М.Батбаяртай өмнө нь уулзалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул Соёлын сайдтай уулзах хүсэлтэйгээ илэрхийлж жагсаж байна.
Тэд “Монгол Улсад сонгодог урлаг байх шаардлага байна уу”, “Хагас сард 366 мянган төгрөгөөр яаж амьдрах вэ”, “Соёл урлагийн бид элгээрээ хэвтлээ”, “Соёлын сайд ажлаа хий”, “Чадварлаг уран бүтээлчдээ гадагшаа алдаад дууслаа” гэсэн шаардлагуудыг тавьж буй юм.