Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Соёлын сайд Ч.Номин мэдээлэл хийлээ.
Тэрээр "2022 оноос хэрэгжиж эхэлсэн Соёлын тухай хуульд төвөөс алслагдмал газар байрлаж байгаа соёлын байгууллагын ажилтанд таван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгох заалт бий. Энэ заалтыг хэрэгжүүлэх журмыг Засгийн газрын хуралдаанаас баталлаа. Соёлын салбарын 452 байгууллага байдаг. Үүний 432 нь орон нутагт үйл ажиллагаа явуулдаг. Энд ажиллаж байгаа 4470 албан хаагчийн 3002 хүнд буюу 70 хувьд нь зургаан сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгоно.
Соёлын салбарт ажиллаж байгаа хүмүүсийн цалингийн асуудал эртнээс яригдаж эхэлсэн. Төрийн албан хаагчдаас бага цалин авдаг. Соёлын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 432 байгууллагаын 6245 албан хаагч 570-995 мянган төгрөгийн цалин авдаг. Дундаж нь 760 орчим мянган төгрөг. Бусад байгууллагуудад ажиллаж байгаа хүмүүсийн цалингаас 6-25 хувиар бага гэсэн үг. Соёлын яам байгуулагдсан цагаасаа хойш салбарынхаа ажилчдын цалинг 25 хувиар нэмсэн. Энэ ондоо багтаан соёлын салбарт ажиллаж байгаа хүмүүсийн цалинг боловсрол, шинжлэх ухааны салбарт ажиллаж байгаа хүмүүсийнхтэй дүйцүүлэн нэмэхээр болж байна" гэлээ.