Боловсролын Зээлийн Сангийн асуудлаар хэн, юу хэлэв...

A- A A+
Боловсролын Зээлийн Сангийн асуудлаар хэн, юу хэлэв...

Боловсролын Зээлийн Сан (БЗС)-гийн зээлээр гадаадад суралцсан хүмүүсийн мэдээлэл, тэдний гэрээг нийтэд ил болгохоор бэлдэж буйг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өчигдөр хэлсэн. 

Тодруулбал, Өнгөрсөн хугацаанд БЗС-гаас нэг их наяд төгрөгийн зээл гарчээ. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Ийм учраас тус сангаас зээл авсан хүмүүсийн мэдээлэл, тэдний гэрээг нээлттэй болгоно. Энэ асуудлаар маргааш өглөө 10:30-11:00 цагийн хооронд тайлбар өгнө гэдгийг тэрбээр өчигдөр хэлж байв. 

Тэгвэл БЗС-тай холбоотой асуудлаар БШУ-ны сайд өнөөдөр 14:00 цагийн үед мэдээлэл өгөхөөр төлөвлөж байгааг тус яамны албаны эх сурвалж хэллээ. 

Тодруулбал, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай давхцаж байгаа учраас мэдээлэл өгөх цагийг хойшлуулсан гэж тайлбарлав. 

БЗС-гийн мэдээлэл энгийн иргэдэд хүрдэггүй, өндөр албан тушаалтнууд өөрсдөө ашигладаг хязгаарлагдмал хүрээтэй байгааг олон нийтийн зүгээс шүүмжилж байна. Энэ асуудлын хүрээнд хүмүүс өөрсдийн байр суурийг илэрхийлсээр байгаа юм. 

Боловсролын Зээлийн Сангийн асуудлаар хэн, юу хэлэв:

БЗС-гаас олгосон 363 тэрбум төгрөгийн зээлийн 90 гаруй хувийг өндөр албан тушаалтан, мэдээлэлд ойр хүмүүсийн хүүхдүүд авсан гэдгийг Уул, уурхайн дэд сайд асан О.Батнайрамдал мэдээлсэн.

БЗС-гийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, доктор О.Сийлэгмаа "Тус сангийн мэдээлэл энгийн иргэдэд хүрдэггүй. Төрийн албан тушаалтнууд өөрсдөө ашигладаг, хязгаарлагдмал хүрээтэй. 

БЗС-гийн санхүүжилт, зээлийн авлагын 90 гаруй хувийг гадаадад суралцагчдад зарцуулж, дотоодод зээлээр суралцсан иргэд зээлээ эргэн төлж Монголбанкны мэдээллийн санд зээлдэгчээр бүртгэх зохицуулалттай. Гэтэл гадаадад БЗС-ийн санхүүжилтээр суралцах тухай мэдээлэл энгийн иргэдэд хүрдэггүй.

Өөрөөр хэлбэл, мэдээлэлд ойр байдаг төрийн албан тушаалтнууд өөрсдөө ашигладаг хязгаарлагдмал хүрээтэй" гэдгийг ярьж, шүгэл үлээсэн билээ. 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л. Энх-Амгалан өчигдөр тайлбар хэлэхдээ "БЗС-гаас зээл авсан 232 хүүхдийн нэрийг өмнө нь зарласан. Удахгүй бүх хүмүүсийн гэрээг ил болгоно. Зээлээс чөлөөлөгдсөн хүмүүсийн мэдээллийг шалгаж, тухайн чөлөөлөгдсөн тушаал, шийдвэр нь хуульд нийцэж буй эсэхийг тодорхой болгоно. 

Өнгөрсөн хугацаанд БЗС-ийн санхүүжилтээр 2,000 гаруй хүүхэд гадаадын бакалавр, магистрын түвшинд суралцсан гэх тоон мэдээлэл бий. Тус сангаас 1992 оноос хойш 230 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Үүнийг О.Батнайрамдал 330 тэрбум гэж мэдээлсэн. Уг тоог бага зэрэг зөрүүтэй зарласан.

Сонгон шалгаруулалтад орсон 2,000 орчим хүүхдийн бараг 90 хувь нь өндөр албан тушаалтнуудын хүүхэд байгааг О.Батнайрамдал хэлсэн. Энэ мэдээллийг хамтдаа шалгая.

Зээл авчхаад өөр сургуульд сурсан олон хүүхэд байна. Гэрээнийхээ дагуу сонгогдсон сургуульдаа сурах ёстой. Тус сангийн зээлээр гадаадад суралцсан хүүхдүүдийн сонгон шалгаруулалт ил тод явагдсан эсэх шаардлагаа биелүүлж чадсан, үгүйг шалгах хэрэгтэй. 

Зээлээс чөлөөлөгдсөн хүүхдүүд яг шударгаар чөлөөлөгдөж, гэрээнийхээ үүргийг биелүүлсэн эсэхийг шалгаад тодорхой болбол энэ асуудал ил тод болно" хэмээн хэлсэн. 

Боловсролын Зээлийн Сангийн ажлын албаны дарга Д.Гарди "Тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцаад эзэмшсэн мэргэжлээрээ таван жил эх орондоо ажилласан хүнийг хууль тогтоомжийн дагуу боловсролын зээлээс чөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, улсдаа таван жил ажиллаад өөрийнхөө мэдлэг чадвараар салбартаа хөрөнгө оруулалт хийснийг нь үндэслээд чөлөөлөлтийг БШУЯ-наас гаргадаг" хэмээн ярилцлагадаа дурдаж байв.