VS: БЗС-ийн мэдээллийг устгасан, устгаагүй

A- A A+
VS: БЗС-ийн мэдээллийг устгасан, устгаагүй

Энэ долоо хоногийн VS буландаа Боловсролын зээлийн сангийн асуудлыг хөндөж байна. Тухайлбал, "иргэн О.Сийлэгмаа нь БЗС-д ажиллаж байхдаа компьютер дээрх сүүлийн үеийн бүх мэдээллийг хард диск дээр хуулж аваад устгасан" хэмээн БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн Баасан гарагт нийтэд мэдээлсэн. Энэ талаарх эсрэг тэсрэг байр суурийг хүргэе.

Л.ЭНХ-АМГАЛАН
БШУ-ны сайд

Ёс зүйн зөрчил гаргаж, тушаал буурсан нэр бүхий хоёр хүн санаатайгаар БЗС-тай холбоотой мэдээллийг сэвж байна. Тухайлбал, иргэн О.Сийлэгмаа нь БЗС-нд ажиллаж байхдаа компьютер дээрх сүүлийн үеийн бүх мэдээллийг хард диск дээр хуулж аваад устгасан. Тиймээс БЗС-гийн захирал Д.Гарди цагдаагийн байгууллагад хандсан байдаг. Гэвч тухайн хэргийг хэрэгсэхгүй болгосон.

БЗС-гаас зээл авсан 3,000 гаруй хүүхдийн мэдээллээс 900 хүүхдийн мэдээлэл л санд байгаа. Харин 2,100 хүүхдийн мэдээлэл алга болж, устсан гэж Д.Гарди мэдээлсэн юм билээ. Тус сангийн компьютер дээр байгаа архивын мэдээллүүд устгагдсан байгаа. Гэхдээ компьютер дээр устгагдсан ч цаасан баримт нь байгаа. 

О.СИЙЛЭГМАА
БЗС-ийн Гадаад тэтгэлгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн асан

Би Боловсролын зээлийн санд ажиллаж байхдаа аудитын дүгнэлтээр ийм айхтар зөрчлүүд байгаад байна гэж өнгөрсөн оны тавдугаар сар, долдугаар сард хэлж байсан. Итгэхгүй бол сайд та вайбэраа нэг шалгаарай. Миний өгсөн тайлан мэдээг ч харж болно. Мөн ийм олон хууль зөрчсөн асуудлууд байна гэж БШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэнд хүртэл хандсан. Албан ёсоор удаа дараа хандаад байхад яамны сайд, дарга нар нь өөрсдөө ил гаргахыг хүсээгүй хав дараад байсан нь нууц биш. Боловсролын зээлийг олгохдоо нэр нь огт орж ирээгүй хүнд хүртэл мөнгө шилжүүлсэн байсан. Энэ бүх "жонхуу"-г Гарди л хийсэн байх. Сайд нарынхаа захиалгаар Гарди өнөөдрийг хүртэл будлианыг хутгалцсан гэж харддаг. Бүхэл бүтэн хоёр жилийн зөрчлийг илрүүлчхээд байхад Л.Энх-Амгалан сайд өөрөө мэдэж байж, ил гаргахгүй явсаар намайг 2022 оны 09 дүгээр сарын 12-нд бүтцийн өөрчлөлтөөр ажлаас халсан.