Н.МАНДУУЛ ЁС ЗҮЙТЭЙ БОЛ ХЭДИЙНЭ ТАТГАЛЗАХ БАЙЖЭЭ!

A- A A+
Н.МАНДУУЛ ЁС ЗҮЙТЭЙ БОЛ ХЭДИЙНЭ ТАТГАЛЗАХ БАЙЖЭЭ!

Нямандэлэгийн Мандуул буюу Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Н.Мандуул. “Ондо Холдинг”-ийн ерөнхийлөгч Н.Мандуул. Нэр нь, хүн нь нэг ч гурван өөр ДҮР ШҮҮ! 
Нэр нь Хөгжлийн банк ч үйл ажиллагаа нь бүхэлдээ төрийн өндөр албан тушаалтан, улстөрчид, УИХ-ын гишүүдийн “кассын машин” шиг ажиллаж ирсний алдааг засах, зээлийг буцаан төлүүлэхэд Засгийн газрын өмнөөс “ярих” дүр хэрэгтэй болсон нь Сангийн яамны “шошго”-той Н.Мандуул.
Удаах нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Н.Мандуул. Хөгжлийн банкны чанаргүй зээлээс 1.3 их наядыг буцаан төвлөрүүлснээрээ нийгмээс ч, улс төрийн хүрээллээс ч шаггүй нэмэх оноо цуглуулж чадсан тэрбээр өөрийн хүсэлтээр өргөдлөө өгснийг ТУЗ нь хүлээн авснаар дараагийн албандаа дахин тодрох хаалгыг нээсэн юм. Тэр нь ч ёсоор болж “Хөгжлийн банк”-ны гэх нэрийн хуудастай болтлоо олон нийтэд нүдлэгдсэн түүнийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар томилсон. Ардчилсан чөлөөт зах зээлд шударга өрсөлдөөний зарчим үйлчилж байгаа эсэхэд хяналт тавих, зохицуулалт хийх чиг үүрэг бүхий тохируулагч агентлагийн даргаар очиход анхнаасаа олон нийт эерэгээр хүлээж авсан. Өөрөө ч ШӨХТГ-ын үндсэн чиг үүрэг хувийн хэвшлийг торгохоо урьтал болгохгүй. Төрийн алдаатай шийдвэрийг хазаарлана г эдгийг мэдэгдэж байлаа.
Гэвч Н.Мандуулын хэлсэн үг, баримтлах байр суурь нь бэхжиж амжаагүй байтал тэр дахиад л өргөдлөө өгсөн. Төрийн алба, тэр тусмаа зах зээлд шударга өрсөлдөөнийг бий болгох статустай агентлаг гэдэг хэн хүний үдлээд буцдаг алба  биш ч өөрийнх нь саналыг хүлээж авахгүй байна гэх үндэслэлээр шууд удирдлага руугаа бурууг нь тохчихоод явж одсон юм. Гэтэл Н.Мандуул гэнэтхэн агентлагийн даргын албан тушаалаа “голж”, хаалгыг нь саваад гарсны шалтгаан “Ондо Холдинг”-ийн ерөнхийлөгч болж дэвшсэнээр саяхан тодорч, өргөдлийн учиг нь тайлагдав. Гутгаар дүр нь юм. 
Ардчилсан нийгэмд хэн хаана, юугаа явах нь мэдээж падлийгүй, тухайн хүний л эрхийн асуудал. Үнэхээр чадвар нь байгаад хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн төрд, хувийн хэвшилд ажиллах эсэх нь хувь хүний л сонголт. Гол нь ердөө жил хүрэхгүй хугацаанд Хөгжлийн банкнаас ШӨХТГ руу тэгээд “Ондо” руу буйр сэлгэсэн Н.Мандуул ээлжит сонголтоо хийхдээ зарчмын болон ёс зүйн маш том алдаа гаргалаа. Учир нь, Н.Мандуулын өмнө нь ажиллаж байсан албан тушаал нь Хөгжлийн банк биш Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар. Өөрийнх нь шинээр хашиж эхэлсэн “Ондо”-той адилхан үйл ажиллагаа эрхлэгч үүрэн холбооны оператор компаниудад торгууль ногдуулахаас эхлээд хяналт, шалгалт хийх эрх бүхий улсын ерөнхий байцаагч. 
Атал ШӨХТГ-ын даргаар хэдэн сар ажилласан тэрбээр үүрэн холбооны отгон оператор компанийн ерөнхийлөгчөөр ажиллахаар болж гэнэт тодорсны ард хэний, ямар ашиг сонирхол яваа нь асуултын тэмдэг. Хөндлөнгийн хүнд нэгээс нөгөөд шилжсэн үйл явц мэт боловч хууль гадарладаг заримд нь цэвэр ашиг сонирхлын зөрчил үүссэнийг энд тодотгох гээд байгаа хэрэг. Тодруулбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 
21.1. Албан тушаалтан нь албан үүргээс чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд ашиг сонирхлын зөрчил үүсч болох дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
21.1.1. Урьд гүйцэтгэж байсан албан үүрэгтэй нь холбоотой байсан аж ахуйн нэгж, байгууллагад ажиллахыг хориглохоор заасан. 
Өөрөөр хэлбэл, Н.Мандуул улсын ерөнхий байцаагчийн статустайгаар хяналт, шалгалт явуулж байсан аж ахуйн нэгж, байгууллагад ямар нэгэн удирдах албан тушаал хашихыг хуулиар, хугацаатай хориглож, хязгаарласан гэсэн үг. Шатахуун импортлогч, мах бэлтгэн нийлүүлэгч, эсвэл хүнсний үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгч байна уу? хамаагүй. Тэдгээрт хамаарах бүх талын шалгалтыг явуулж, зах зээлийг нь судалж явсан мэдээлэлд хамгийн ойр явсан гэдгээрээ ашиг сонирхол үүсгэж болзошгүй учраас хоёр жил хүртэлх хугацаанд хуулийн хориг тавьж, урьдчилан сэргийлж байгаа хэрэг. Үүнд үүрэн холбооны оператор компаниуд ч хамаарна. 
Гэтэл үүрэн холбооны оператор компаниудад холбогдох шалгалтаа эцэслэж, мухарлаагүй атлаа өчигдөр нь өргөдлөө өгөөд өнөөдөр нь өрсөлдөгч компанийнх нь ерөнхийлөгч болж дэвшсэн Н.Мандуулын үйлдлийг зөвтгөх үндэслэл байна уу? гэвэл үгүй. Эсрэгээрээ ашиг сонирхол үүсгээд зогсохгүй хүчин төгөлдөр хуулийн заалтаа үгүйсгэжээ. Хэрвээ тэр хуулиа мэддэг, мөрддөг,  ёс зүйтэй бол одоогийн албан тушаалын саналаас хэдийнэ татгалзаж, хэсэгтээ азнах байжээ!