Х.Нямбаатар: Яндангийн тоог цөөлж, 20 мянган цахилгаан халаагуурын тендер зарлана

A- A A+
Х.Нямбаатар: Яндангийн тоог цөөлж, 20 мянган цахилгаан халаагуурын тендер зарлана

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон бусад холбогдох албаныхан байгаль орчны салбарын эрдэмтэн, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагынхантай уулзлаа. Энэ хүрээнд байгаль орчин, экологийн салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, гарц, шийдлийн талаар санал солилцсон юм.

Уулзалтын үеэр Хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээний талаар танилцууллаа.

Тэрбээр “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг УИХ-аар батлуулаад байна. Улаанбаатар хотын агаар, орчин, хөрсний бохирдол, хог хаягдал болон тулгамдаж буй бусад асуудлын эцсийн шийдэл нь гэр хорооллыг орон сууцжуулах юм. Ингэхдээ нийслэлд зургаан дэд төв байгуулж, газар чөлөөлөлт хийн, эхний ээлжид ирэх онд Сэлбэ, Баянхошуу дэд төвд 18 мянган айлын орон сууц барих ажлыг эхлүүлнэ. Тэрчлэн нийслэлд бүртгэлтэй 720 мянган автомашины тоог нэмэхгүй. Мөн богино хугацаандаа агаарын чанарыг сайжруулах, бүсийн яндангийн тоог бууруулах хүрээнд  20 мянган цахилгаан халаагуурын тендерийг зарлах гэж байна. Цаашид эрчим хүчний чадлыг нэмэгдүүлбэл 100 мянган айлыг ч цахилгаан халаагуурт шилжүүлэх боломжтой. Энэ мэтчилэн тус хуулиар нийтийн тээврийн хүртээмж, авто зогсоолын ашиглалтыг сайжруулах, төвлөрлийг сааруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, авто замын хөдөлгөөний түгжрэл, агаар, орчны бохирдлоос үүсэх нийгэм, эдийн засгийн нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна” хэмээв.

Уулзалтад оролцсон төлөөллүүд агаар, орчны бохирдлыг бууруулж, байгаль орчныг хамгаалахын тулд

Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хөнгөлттэй зээл олгож, гадаадын зээл тусламжид хамруулах

Цахилгаан машины хэрэглээг дэмжих

Нүхэн жорлонг үгүй болгох

Хог хаягдал боловсруулах үйлдвэрүүдийг импортын болон гаалийн татвараас чөлөөлөх

Иргэдэд хог хаягдлын талаарх боловсрол олгох, үүнийг хууль журамд тусгах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх

Ус, хөрс, агаарын бохирдлын бүх судалгааны дүнг нэгтгэсэн сантай байж, эх сурвалж болгох зэрэг саналыг дэвшүүлж байлаа.

Түүнчлэн эдгээр саналтай холбоотойгоор хэрэгжиж буй ажлуудын талаар мэдээлэл өгч, цаашид хийхээр төлөвлөж буй арга хэмжээнүүдэд ч мөн тусгана гэдгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Хотын дарга Х.Нямбаатар нар илэрхийлсэн юм. 

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээний талаарх мэдээлэлтэй хавсралтаас танилцана уу.

НЗДТГ, ХМОНХХ