Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан “Хүний эрх-75” дээд, өндөр түвшний арга хэмжээ 2023 оны 12 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Женев хотноо болж байна.
Дэлхийн 130 гаруй улсын төр, засгийн тэргүүн, Гадаад хэргийн сайд, бусад өндөр түвшний зочид хуран цугласан тус дээд, өндөр түвшний арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын албанаас санаачлан зохион байгуулж буй “Хүний эрх-75” арга хэмжээний үндсэн зорилго нь дэлхий нийтээр өнгөрсөн цаг хугацаанд хүрсэн ололт амжилт, алдаа оноогоо цэгнэн, улмаар тус Тунхаглалд дэвшүүлсэн хүн бүр эрх чөлөөтэй, эрх тэгш байх, шударга ёсыг тэгш хүртэх баталгааг хангах үүрэг амлалтаа сэргээн санаж, ирэх 25 жилд хүний эрхийг түгээмлээр хангах хүч чармайлтаа эрчимжүүлэх, энэ хүрээнд бүх түншлэгч талууд үүрэг амлалтаа хамтран тодорхойлоход чиглэж байна.
Өндөр түвшний арга хэмжээний эхний өдөр улс орнууд хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр авч байгаа сайн дурын үүрэг амлалтаа танилцуулсан ба Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Засгийн газраас жендэрийн тэгш байдлыг хангах нийтлэг зорилтын хүрээнд эрэгтэйчүүд, хөвгүүдэд тулгамдаж буй бэрхшээлийг шийдвэрлэхэд чиглэсэн “She for He” санаачилгыг дэвшүүлж, Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр (II)-ийг баталж, хэрэгжүүлэх болон НҮБ-ын Хүний эрхийн бүс нутгийн сургалт, судалгааны төвийг Монгол Улсад байгуулах үүрэг амлалт авч байгааг танилцууллаа.
Арга хэмжээний үеэр улс орнуудын засгийн газраас гадна хүний эрхийн үндэсний байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшил зэрэг хүний эрхийг хангах тогтолцоонд оролцогч бусад тал мөн үүрэг амлалтаа танилцуулах юм.
Дээд, өндөр түвшний арга хэмжээ үргэлжилж байна.