Өчигдөр УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хороо хуралдаж байна. Энэ хурлаар Монгол улсын Далайн захиргааны үйл ажиллагаатай холбоотой асуудал яригдлаа.
УИХ-ын гишүүн Х.Баделхан: Монгол улсад нийт 281 хөлөг онгоц бүртгэлтэй байна гэсэн байна. Бид энэ хөлөг онгоцуудаас юуг хариуцаж, ямар хяналт тавьдаг вэ? Манай улсад эндээс орж ирдэг орлого байна уу? Далайн захиргааны байгууллага гэж байгууллага нь хичнээн орон тоо бүтэцтэй, жилийн төсөв нь хэд байдаг вэ? Бид хөлөг онгоцыг бүртгэж аваад, талбайгаа ашиглуулаад хэр хэмжээний зарлага гаргаж, хэдий хэмжээний орлого төвлөрүүлдэг вэ?
Далайн захиргааны газрын дарга Д.Отгонсүрэн: Хөлөг онгоц бүртгэх, бүртгэсэн хөлөг онгоцыг хянах ажлыг Монгол улсын Далайн цахиргаа хариуцаж ажилладаг. Нийт 31 олон улсын конвенц, протоколд Монгол улс нэгдэн орсон байдаг. Далай ашиглах тухай хуулийн хүрээнд хэрэгжилтийг ханган ажилладаг. Нийт 31 орон тоотой. Далай ашиглах тухай хууль болон Усан замын тээврийн тухай хууль болон олон улсын гэрээ конвенц хуурай боомтын асуудлыг хариуцаж үйл ажиллагаа явуулдаг. 2021 оны 3-р сараас хойш Улаанбаатар хотод Хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагааг бие даан хариуцаж хйиж байгаа. Өнгөрсөн онд 1 сая долларын орлого олсон бол хөлөг онгоцны бүртгэлээс энэ жил 1,2 сая ам долларын орлого олсон байна. Нийт 250 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж байгаа. Ирэх оны төсөвт 300 сая төгрөгийг төвлөрүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Урсгал зардлын тухайд 2023 онд 3,6 орчим тэрбум төгрөгийг төсөвлөөд явж байгаа. Үүнээс ажилчдын цалин хөлс, дотоодын усан замын тээврийн хэрэгслийн бүртгэл хяналт, хуурай тээвэр, далайн боомтуудын асуудлын ажлуудад зарцуулаад явдаг.
ЗТХ-ийн сайд С.Бямбацогт: Урьд нь Далайн захиргаа Сингапур улсад байрлан тэнд оффист үйл ажиллагаа явуулдаг байсан. Одоо Монгол улсдаа үйл ажиллгаа явуулж, зардал багассан. Одоо олон улсын 280 орчим хөлөг онгоцыш бүртгээд түүнээсээ хураамж авч орлогоо бүрдүүлээд түүнийхээ орлогоос зарлагаа гаргаж, илүү гарсныг нь улсын төсөвт төвлөрүүлдэг чиг үүрэгтэй байсан. Одоо энэ чиг үүрэг нь хэвээрээ. Энэ дээр нэмээд бид "Хуурай зургаан боомттой" болох гэж байгаа. Замын-Үүд, Улаанбаатар, Сайншанд, Ховд, Дорнод гээд Хуурай боомтыг хөгжүүлэх, байгуулах ажлын чиг үүргийг Далайн захиргаанд өгсөн.
Эх сурвалж: УИХ-ын ХМОНХГ