АНЭУ-ын Дубайд хоёр долоо хоног гарны туршид чуулсан КОП28 өчигдөр дуусах албан товтой байсан. Гэвч үр дүнгийн баримт бичгийн эх төсөл талуудын хооронд маргаан зөрчил үүсгэсний улмаас бага хурал дахин сунаж хуралдахаар болсон байна. Энэ жилийн уулзалтыг зохион байгуулагч АНЭУ-аас өчигдөр танилцуулсан үр дүнгийн баримт бичгийн төсөл энэ маргаан зөрчлийн гол талбар болоод байна. Дэлхий ертөнцөд сүйрэл тарьж байгаа нүүрс, байгалийн хий, газрын тос зэрэг ашигт малтмалын үйлдвэрлэл, хэрэглээнээс бүрэн татгалзах шийдлийг тусгаагүй баримт бичгийг дэмжихгүй гэж мэдэгдэж байгаа орнуудын тоонд АНУ, ЕХ, Герман зэрэг орнууд байгаа бол, Саудын Араб, Орос зэрэг олборлогч орнууд эсрэг байр суурин дээр байгаа юм байна.
КОП28-ын дүнгийн баримт бичгийн 21 хуудас бүхий төсөлд нүүрс, нефть, байгалийн хийнээс бүрэн татгалзах талаар тодорхой шийдэл тусгаагүй. Оронд нь эдгээрийг ашиглахаа багасгах хий дэвэргэн уриалгууд багтсан байна гэж шүүмжлэгчид үзэж байна. Дэлхийн дулааралд нөлөөлж байгаа хамгийн аюултай хүчин зүйл болсон ашигт малтмалаас “үе шаттайгаар татгалзах” гэж анхлан оруулсан заалтыг дарж, “бууруулах” гэдэг үгээр сольж оруулж ирсэн нь зарим улсын эрс эсэргүүцэлтэй тулгарчээ. Оролцогч орнуудаас 100 гаруй нь олборлодог түлшний хэрэглээнээс үе шаттай татгалзах байр суурьтай байна. Харин Саудын Араб, Иран зэрэг нефть олборлогч орнууд асуудлыг ингэж томьёолохыг эрс эсэргүүцэж байгаа юм байна. КОП28 бага хуралд оролцогч 198 улс бүгд энэхүү төгсгөлийн баримт бичигт нэгдэж гарын үсэг зурах ёстой. Үгүй бол хэлцэл тохиролцоо байгуулалгүй үр дүнгүй тарсан хэрэг болох юм.
Бага хурлыг даргалагч АНЭУ-ын Султан Ахмед аль-Жаберын тухайд, “бүх асуудлаар, тэр дундаа ашигт малтмалын тал дээр, хамгийн өндөр зорилт дэвшүүлэхийн төлөө байр суурьтай байгаагаа” мэдэгдээд, бага хурал өндөрлөх хүртэл санал зөрөлдөөнөө шийдвэрлэх хугацаа байгааг тэмдэглэжээ. Самоа улсын байгалийн нөөц, хүрээлэн байгаа орчны сайд Седрик Шустер “олборлодог түлшнээс шат дараатай татгалзахын төлөө хатуу байр суурь илэрхийлээгүй баримт бичигт бидний хувьд гарын үсэг зурах боломжгүй” гэж мэдэгджээ. Энэ мэт улс орнуудын хоорондох хол зөрүүтэй байр суурийг нэгтгэх шаардлага хэвээр байгааг НҮБ-ын Енбд Антонио Гутерриш дурдаж, “одоо бол хамгийн өндөр зорилт дэвшүүлэхийн зэрэгцээ бас хамгийн уян хатан байх цаг юм” гэдгийг цохон мэдэгдсэн байна. Илүү хатуу томьёоллоор хэлэлцээр батлахын төлөө байгаа Европын Холбооны төлөөлөгч мөн төслийг одоогийн үг хэллэгээр нь батлахыг “хүлээн зөвшөөрөх аргагүй” гэж мэдэгдээд, хурлыг орхин явахад бэлэн гэсэн байна. ЕХ-г төлөөлж байгаа Ирландын байгаль орчны сайд Имон Райан гэхдээ уулзалт хэлэлцээ үр дүнгүй тарах нь “дэлхий дахинд хэрэгтэй үр дүн биш” гэдгийг мэдэгджээ. Германы Гадаад хэргийн сайд, ногоон намын гишүүн Анналена Бербок мөн энэ баримт бичгийг урам хугалсан, хүлээн зөвшөөрөхийн аргагүй гээд, энэ текстийн эхийг манай улс дэмжих боломжгүй гэж мэдэгджээ. АНУ-ын төлөөлөгч Жон Керри мөн үүний ижил байр суурийг илэрхийлсэн байна.
Нийтэлсэн: Moнголын мэдээ